Эцэг, эхийн хайр ихэдвэл хүүхэд сул дорой, өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй хүн болдог. Харин хайр, халамж дутвал хатуу, ширүүн, бусдыг ойлгох сэтгэлгүй болж хүмүүжих талтай. Хүүхдийн хүмүүжилд эцэг, эх, сургуулийн оролцоо ямар байх ёстой талаар Боловсрол шинжлэх ухааны яамны Бага боловсролын шинэчлэлийн багийн ахлагч С.Батсүхтэй ярилцлаа.
-Орчин үеийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг болсон талаар яриагаа эхлье?
-Монголчууд эрт дээр үеэс хүүхдээ “Хайр нь дотроо хал нь гаднаа” гэсэн байр сууринаас алсуур нь харж хайрлан өсгөдөг байсан. Түүнээс биш одоогийнх шиг өдөр бүр эрхлүүлж, хүссэн бүгдийг нь өгч байсангүй. Амьдралд сургах хамгийн энгийн арга болох ажил хийлгэж тэвчээр, хатуужилтай болгоход анхаардаг байсан тэр алдагдаж байна. Үүнийг гэр бүл эсвэл сургууль дангаараа шийдэх боломжгүй.
Харин төрийн цогц бодлогоор зохицуулах шаардлага гарч байна. Тодруулбал, хүүхдийг сургууль, гэр бүл болон нийгмийн орчин хэрхэн дэмжих нь тодорхой байх ёстой. Үүний зэрэгцээхүүхдийн хүмүүжлийн асуудлыг авч үзэхдээ ёс суртахууны боловсролыг эн тэргүүнд анхаарах шаардлагатай.
-Хүмүүжил ёс суртахуун хоёр хоорондоо холбоотой ч үүний ач тусыг хэрхэн тайлбарлах вэ?
-Одоогоор манайд ойлголтын зөрүү их бий. Нийгмийн харилцааг хоёр зүйл зохицуулж байна. Хууль болон хувь хүний зөв дадал хэвшил, зан чанар. Мэдээж хүүхэд бага байхдаа хууль мэдэхгүй. Тиймээс энэ үед нь хүний амьдралд юу зөв, юу буруу, яагаад найздаа туслах ёстой зэрэг ёс суртахуунлаг боловсролыг олгох нь зөв.
Харин ахлах ангид нь иргэнийхээ хувьд эрх үүргээ яаж биелүүлэх, иргэн хүн нийгэмд ямар оролцоотой байх талаар ардчиллын үнэт зүйлд суралцуулах нь зүйтэй болов уу. Эхнийх нь хүүхдэд дотроосоо өөрөө хүсч зөв шийдвэр гаргахад туслана.
Ийм ёс суртахуунлаг, хүний мөстэй болсон хүн хүмүүстэй зүй зохистой харьцаж хуулийн дээвэр дор зөв амьдраад явах нь тодорхой. Хоёр өөр ойлголт гэхээсээ илүү хоорондоо маш их уялдаатай. Нэг нь нөгөөгөө нөхөж байдаг зүйл гэж ойлгох нь зөв.
-Орчин үед эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр хэр туршлагатай байна вэ?
-Эцэг, эх өөртэйгөө ажиллах нь учир дутагдалтай байна. Нобелын шагнал хүртэж байгаа хүмүүсийн ихэнх нь Еврей гаралтай байдаг. Еврейчүүд монгол хүнээс тусгай толгой, тусгай ухаантай төрсөндөө биш. Гол нууц нь еврей боловсролд байна. Еврей гэр бүлийн үнэт зүйл нь хүүхдээ төрөхөөс нь эхлээд хэрхэн хүмүүжүүлэхэд оршдог.
Тухайлбал, өглөөний цай, оройн хоолоо идэхдээ заавал гэр бүлээрээ байдаг. Ингэхдээ тэд хүүхэдтэй харилцан ярилцаж, хүүхдэдээ илүү ойртдог. Аав шаардлага тавьж байхад ээж яах ёстой, ээж шаардлага тавьж байхад аав ямар үүрэгтэй байх нь еврей хүний үнэ цэнийг бий болгодог байна. Хүүхдээ сургуулиас ирэхэд нь “Чи өнөөдөр багшаасаа ямар асуулт асуусан бэ” гэж асуудаг. Тэдний хүүхдүүд бүтээлч сэтгэлгээтэй хүн болж өсдөг байна.
Тэд хүүхдийнхээ сурлага, хүмүүжил, үйл хөдлөлөөс эхлээд хоол хүнсэнд нь хүртэл анхаардаг. Хүүхэд юу идье гэснийг биш тэдний эрүүл мэндэд юу хэрэгтэйг идүүлж хэвшүүлдэг байна.
Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд шууд нөлөөлдөг. Бид хүүхдээ уурлах, өөртөө төвөг удахаас төвөгшөөн асуудлыг хурдан шийдэхийн тулд дуртай зүйлээ ав гэж мөнгө өгдөг. Тэд хортой, хоргүйг нь ялгахгүй дуртай бүхнээ авдаг нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Өнөөдөр бид хүүхдээ ямар хоол идэж, юу үзэж байгааг хянаж чадахгүй байна.
Энэ нь хүүхдээ цаг тутам хянаад бай гэсэн үг биш. Тэдэнд аливаа зүйлийн хор, хохирлыг нь ойлгуулж өөрсдийгөө хянах дотоод удирдлагыг бий болгох нь чухал. Ийм нөхцөлд эцэг, эхийн оролцоо гол үүрэг гүйцэтгэнэ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг биш зав гаргамаар байна.
-Цаг, завын талаар ярихаар эцэг, эхээсээ хол байгаа хүүхдийн асуудал гарч ирдэг. Үүнд яаж хандах нь зүйтэй вэ?
-Хүүхдээ өмсөх, идэхээр дутаахгүй энхрийлэн, хайрлаж өсгөнө гэдэг хүүхдийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага гэж эцэг, эхчүүд үздэг. Мэдээж энэ нь нэг хэсэг мөн. Гэхдээ хүүхэд юугаар дутдаг вэ гэдгийг бид тунгаах ёстой. Тухайлбал, БНСУ-д ажил хийхээр явж байгаа гэр бүлүүдийн хувьд тавиул хүүхэд гэсэн ойлголт бий боллоо.
Тавиул хүүхэд гэдэг нь эцэг, эх нь алс хол ажил хийхийн эрхэнд хүүхдээ өвөө, эмээд нь үлдээдэг. Тэд хүүхдийнхээ хажууд байж чадахгүй байгаа тэр орон зай, хайр халамжаа үнэтэй гар утас, мөнгө, хувцас эд зүйлсээр нөхөж байна. Үнэндээ эдгээр зүйлс эцэг, эхийн хайрыг хэзээ ч орлохгүй. Хүүхэд бүрт үгүйлэгддэг чухал зүйл нь эцэг, эхтэйгээ хамт байх цаг хугацаа байдаг. Үүнд л анхаарал хандуулах хэрэгтэй.
-Бидэнд гаднынхнаас суралцах зүйл их бий. Тэднээс юуг сурч, ямар үлгэр жишээ авах хэрэгтэй байна вэ?
-.Гадаадын орнуудын туршлагаас авах, гээх ч юм бий. Тухайлбал, Бүгд Найрамдах Польш улсад бүх албан байгууллагын ажилчид 16:00 цагт ажлаа дуусгаад тарсан байх ёстой байдаг юм байна. Энэ нь анх бидэнд сонин санагдаж байсан. Ажлаасаа эрт тарснаар хоёр давуу талтай болохыг мэдэрсэн. Нэгдүгээрт, тухайн ажилтан эрт тардаг учир ажлын цагтаа маш үр бүтээлтэй ажиллахыг хичээдэг. Хоёрдугаарт, ажлын дараа гэр бүл, хүүхдэдээ хангалттай цаг зарцуулж чаддаг. Энэ нь гэр бүлийн асуудлыг төрийн зүгээс дэмжиж байгаа оновчтой хэлбэр юм.
Мөн Японд өндөр настай иргэд нь сайн дурын клубуудэд өөрийн хүсэлтээр нэгдэж сургуулийн хүүхдүүдэд чаддаг бүхнээрээ тусалдаг. Зарим нь өглөө болгон хүүхдийг замаар хөндлөн гарахад нь ээлжлэн гаргах, туслах багш хийх зэрэг жижиг гэлтгүй хүүхдийн хүмүүжилд хувь нэмрээ оруулан дэмжиж, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн бодолтой хүн болоход нь тусалдаг.
Манайд үүнийг хэрэгжүүлж болох л санаа. Нэг талд эрт тэтгэвэртээ гарсан туршлагатай ажиллах хүч гэртээ уйдаад шавь нараа санагалзаад байдаг. Нөгөөтэйгүүр 40-50 хүүхэдтэй бага ангийн багш хүч нь хүрэхгүй ядарч түүртээд байдаг. Тэгвэл ахмад багш нараа тодорхой хэмжээгээр урамшуулан ажиллуулах юм бол аль аль талдаа хэрэгтэй чухал ажил болох нь дамжиггүй:
-Зарим үед хүүхдийн ачаалал их болсон юм шиг санагддаг. Энэ талаар юу гэх вэ?
-Их хичээл хийснээр мундаг сайн болдог ч юм биш юм билээ. Тодорхой хугацаанд үр дүнтэй ажилладаг арга барилд сургах нь чухал. Солонгос аав, ээжүүд хүүхдээ ачааллаар дарахдаа мундаг. Ямар сайндаа Сөүл хотын сургуулиуд 24:00 цагаас хойш давтлага хийхийг хориглосон журам гаргах вэ дээ. Үүний дараа зарим гэр бүлүүд Сөүл хотоос нүүж өөр хотод очсон байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ хичээлийг 24:00 цагаас хойш давтуулахын тулд тэр аж. Тоглох цагт нь тоглуулахгүй, амрах үед нь амраахгүй байх нь хүүхдэд сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Хүүхэд эрдэм чадалтай хүн болохоос гадна эрүүл чийрэг болох ёстой.
-Та хүүхдийн хүмүүжлийн тухайд тор, сургууль, эцэг, эхийн оролцооноос гадна уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан чухал гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд боловсролын чухлыг мэдэрдэг болж. Залуу эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн сургах арга барил эзэмшсэн, асуудлыг шийдвэрлэх чадвартай, амьдрах арга ухаантай хүн болгох вэ хэмээн эрэл хайгуул хийж байгаа нь сайн. Үүний зэрэгцээ бид хүнээр хүн хийдэг монгол ухаанаа мартахгүй авч явмаар байна: Нарийндаа монгол зүйр үг, сургааль болгонд сурган хүмүүжүүлэх ухаан шингэсэн байдаг. Тухайлбал, Ишданзанваанжилын “Гүнгийн зууны гэгээний алтан cypгaaльд”
Цус шингэн, судал хөнгөн таван насны үест
Чанарыг зөвшөөн усгал уян сургалтай
Чадал зориг бадарсан арван наснаас дээш
Чанга зориг эхэлж сургааль үл авмой хэмээн сургасан байдаг.
Үүнээс харахад бид хүүхдээ хэдэн насанд нь хаан шиг асарч, хэдэн насанд нь харц шиг дагуулж, хэдэн насанд нь найз шиг нь зөвлөхийг уламжлалт ухаанд тодорхой заасан. Даанч уншихгүй л байгаа болохоос биш. Бага боловсролын шинэчлэлийн ажлын туршлагаас харахад сургууль багш нарын зүгээс эцэг, эхэд хийж байгаа ажлаа сайн ойлгуулж үр хүүхдийнх нь ахиц амжилтыг мэдрүүлээд өгвөл эцэг, эхчүүд сургууль, багш нараа чин сэтгэлээсээ дэмжин ажиллаж байна. Томчууд бид л хичээж чадвал хүүхэд бүр хөгжиж чадна.