“Танай усыг үнэгүй шинжлээд өгье” гэх хүмүүс хаалгыг тогшиж, утас руу тань байнга залгадаг биз. Үнэгүй гэхээр хэн ч гэсэн ууж буй усныхаа чанарыг шинжлүүлэхийг бодно. Гэвч иргэдийн усны талаарх мэдлэг хомсыг далимдуулан цөөн хэдэн компани иргэдийг төөрөгдөлд оруулж бүтээгдэхүүнээ “шахсаар” байгаа. Эдгээр компаниуд крантны усыг тусгай багажаар задалж шүүсэн устай харьцуулж харуулдаг. Үнэхээр л тухайн багажаар шинжлүүлсэн үед крантны ус булангартаж, өнгө нь өөрчлөгддөг. Үүнийг насжилтын хугацаа нь дууссан ус дамжуулах хоолойтой холбон тайлбарлаж эрүүл мэндэд тань маш муу гэх байдлаар ухуулдаг. Үүнийхээ дараа өөрсдийнхөө оруулж ирдэг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй эсэх нь үл мэдэгдэх, лабораторийн тодорхой бичиггүй ус цэвэршүүлэгчийг авахыг тулгадаг. Энэ нь тийм ч хямдхан биш хоёр саяас гурван сая төгрөгийн үнэтэй. Гэтэл Улаанбаатар хотын нэгэн дэлгүүрт 750 мянган төгрөгөөр худалдаалж байхыг хараад учрыг олохоор мэргэжлийн байгууллагуудыг зорьсон юм.
Мэргэжлийн байгууллагуудын тайлбарлаж байгаагаар нийслэл хотын ундны усыг тогтмол шинжилдэг. Өдөр тутмын лабораторийн шинжилгээгээр орон сууцны айл өрхийн ундны ус зөөлөн, цэнгэг, нянгийн бохирдолгүй гардаг ч шугам хоолойн насжилт өндөр, зэв тогтсон байдгийг Ус сувгийн удирдах газраас хүлээн зөвшөөрдөг.
О.Төмөртогтох: Хоёр төрлийн туршилт хийж иргэдийг төөрөгдүүлж байна
Тэгвэл усны чанарыг шинжлээд байгаа компаниуд хэрхэн иргэдийг төөрөгдүүлж байгаа талаар УСУГ-ын, Усны төв лабораторийн бактериологич, чанарын менежер О.Төмөртогтохоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Гадуур орон сууцны айлын усанд шинжилгээ хийдэг хүмүүс бий. Тэд ус маш их бохирдолттой гэж шинжлээд байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллага өдөр тутам шинжилгээ хийж байгаа эрүүл ахуйн шаардлага хангасан гэж мэдэгддэг. Яагаад ийм зөрүүтэй байгаад байгаа юм бэ?
-Бид нийслэлийн орон сууцанд ямар нэгэн асуудалгүй усаа түгээж байна. Бидэнд энэ ус шүүлтүүрийн талаар маш олон дуудлага, санал гомдол ирдэг. Иргэдийн хувьд шүүлтүүр авч болох уу. Авсан нь зөв үү. Манайх авч болох уу гэхээс гадна нэг хэсэг нь усны чанарт өөрчлөлт байхгүй байхад яагаад ийм хүмүүс яваад байгааг асуудаг. Бидний хувьд зохих тайлбарыг хүргүүлдэг. Ус цэвэршүүлэх компани хоёр төрлийн туршилт хийж иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн сэтгэхүйд ихээр нөлөөлж ийнхүү дүгнэлт хийгээд байна.
-Тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Үнэхээр л тухайн ус шинжилдэг компанийг шинжилгээ хийхээр ус булингартаж, өнгө нь өөрчлөгдөөд байдаг. Тэгвэл энэ ямар учиртай юм бэ?
-Айлуудаар явж шинжилгээ хийгээд байгаа компаниуд нь крантны усанд хоёр төрлийн туршилт явуулж, үр дүнг дараах байдлаар тайлбарладаг. Эхний туршилт нь айлын крантны усанд электрод дүрээд танай ус өнгөтэй, зэвтэй, маш их бохирдолттой байгаа тул шүүлтүүр заавал хэрэглэх шаардлагатай гэж иргэдийг төөрөгдүүлдэг.
Харин дараагийн туршилт нь TDS гэсэн зөөврийн жижиг багажийг усанд дүрж, тухайлбал 70 мг/л гэж гарвал танай ус маш их бохирдсон байна, 20-иос бага гарах ёстой гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, дээрх компаниудын явуулж буй ухуулаг туршилт нь иргэдийг төөрөгдөлд оруулж үнэхээр л шүүлтүүр хэрэглэхгүй бол болохгүй нь гэсэн ойлголтод хүргэж байна.
Эхний туршилт нь электролизын аргаар усыг задлаж байгаа үзэгдэл. Нэмэх хасах цэнэгтэй электродыг усанд дүрэхэд түүнд агуулагдаж буй эрдсүүд нь ялгарч эрдсийн төрлөөс хамааран усанд тунадас, булингар үүсгэж усны өнгийг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, усанд агуулагдах эрдэс хэдий чинээ их байна үүсэх тунадас, булингар, өнгөний өөрчлөлт төдий чинээ их гэсэн үг. Харин нэрсэн ус, эсвэл шүүсэн усыг электролизын аргаар задлахад тунадас бага ялгардаг.
“Ниргэсэн хойно нь хашгирав” гээчийн үлгэр болоод байна уу
Мэргэжлийн хүн дээрх тайлбарыг өгч байна. Гэвч усны эрүүл ахуйн хяналт нь зөвхөн 2010 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцанд хамааралтай болжээ. Учир нь 2010 оноос өмнө ашиглалтад орсон барилга байгууламжинд МХЕГ, УСУГ хамтарсан урьдчилсан хяналт шалгалт хийж, стандартад нийцсэн хоолой, шугам тавиулдаг байсан аж. Харин Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт орсноор МХЕГ, УСУГ барилга хүлээж авах улсын комиссоос хасагдсан байна. Нэг үгээр хэлбэл, хуульд өөрчлөлт орсноос хойш шинээр баригдсан орон сууцанд орж байгаа айл өрхийн ундны усанд аюулын харанга дэлдэж байна гэж хэлж болно.
Өмнө нь стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан, насжилт удаан усны хоолойг тавиулдаг байсан. Харин өнөөдөр шинээр ашиглалтад орж байгаа барилгууд аль болох хямдхан хуванцар, олон жилийн насжилтгүй усны шугамыг сонгосоор л байна. Гэвч үүнд хэн ч хяналт тавихаа болисон. Үүнээс үүдэн ашиглалтад ороод ганц, хоёр жил болж байгаа орон сууцны шугам хоолойд эвдрэл гарлаа. Зэвтэй ус гараад байна гэх зэрэг гомдол ихээр гарах болсон. Ойрын жишээ хэлэхэд Зүүн дөрвөн замд байрлах “Зүүн хүрээ” хотхоны ус нь зэвтэй гарч байна гэх иргэдийн гомдол цахим сүлжээнд нэлээд анхаарал татсан. Одоог хүртэл энэ асуудлыг хэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Зөвхөн иргэд тухайн байрыг худалдаж авсан гэдгээрээ өөрсдөө хохирсоор байна. Ганц энэ хотхоноос гадна шинээр ашиглалтад орсон байрны устай холбоотой санал, гомдол Ус сувгийн төв лабораторит долоо хоногт 30-40 удаа ирдэг талаар мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэгэхээр шинэ байр авахдаа усны шугам хоолой, чанарын сайтар судалж шинжлэх шаардлагатай болох нь харагдаж байна.
Хэрэв таны ундны ус шаардлага хангахгүй байгаа мэт санагдвал айл, айлын хаалга тогшиж бүтээгдэхүүнээ “шахдаг” компаниудаар бус мэргэжлийн лабораторид шинжлүүлэх хэрэгтэй. Шинжилгээний хариу үнэхээр зэвтэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох нь тогтоогдвол хэний, хаанахын компани нь мэдэгдэхгүй, зах зээлийн үнээс хоёроос гурав дахин үнэтэй зардаг хүмүүсээс авахгүй байхыг зөвлөж байна. Дээр дурьдсанчлан айлуудаар явдаг эдгээр компаниуд нь албан ёсны дэлгүүртээ 750 мянган төгрөгөөр худалдаалагддаг шүүлтүүрийг хоёроос, гурван сая төгрөгөөр авахыг хэрэглэгчдэд тулгадаг. Ус цэвэршүүлэгч, шүүлтүүрийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг хэд хэдэн компани байдаг. Эдгээрээс сонголтоо хийвэл эргээд буух эзэн буцах хаягтай. Тэгвэл энэ чиглэлээр “Good freind”, “Aqua shop”, “Аргил сувд” зэрэг 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн компаниудыг байдаг юм байна.
Н.Баасандэмбэрэл