Түрээсийн орон сууцанд хамрагдах 579 иргэний нэр 10 хоногийн дараа тодорхой болох ажээ. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-аас “Төрийн түрээсийн орон сууцад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангиллаар иргэдийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.
Бүртгэлд нийт 2600 гаруй иргэд хамрагдсан бөгөөд тэдний материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж дууссан байна. Ингээд цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг өнөөдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээлж эхэлжээ. Иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд очиж, сугалаанд оролцох эсэхээ тодруулах боломжтой аж. Харин цахим сугалааг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна. Одоогоор таван аймагт түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн гэж БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ онцолсон.