Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал

2016-04-22   6306

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа клиник сэтгэлзүйч Х.Хандсүрэнтэй өсвөр насны охидын онцлог. Эцэг эхчүүдийн охидтойгоо харилцах харилцааны талаар ярилцлаа.

-Хүүхэд наснаас бие хүн болж төлөвших завсарын үеийг өсвөр нас гэж тодорхойлоод байгаа. Тэгвэл охидын хувьд яг хэдээс хэдэн насны хооронд шилжилтийн нас явагддаг юм бэ. Тухайн үед охидод сэтгэлзүйн хувьд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Өсвөр нас буюу шилжилтийн насанд охидын бие махбодь болон сэтгэл санаанд маш их өөрчлөлт гардаг. Тиймээс энэ үеийг сэтгэлзүйн хувьд маш эмзэг үе гэж тодорхойлдог. Судлаачдын авч үзэж байгаагаар дийлэнхдээ 10-12 насыг охидын хувьд шилжилтийн нас гэж тодорхойлж байгаа. Учир нь энэ үед охидуудын нүүрэн дээр юм гарах, хөх ургах, гуя бүдүүрэх, сарын тэмдэг ирэх зэрэг олон өөрчлөлт явагддаг.  Энэ мэт бие мах бодид гарч буй даавруудын өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэлзүйн хувьд их эмзэг болдог л доо.

Түүнчлэн би бусдаас өөр. Би юу хүсэж мөрөөдөж байна. Би яг хэн юм бэ гэх мэтээр илүү өөртөө анхаарч эхэлдэг нас.  Нөгөө талаар бусдыг даган дуурайх буюу үе тэнгийн охидын сонирхол, хувцаслалт, найз нөхдийн хүрээлэл зэрэг олон талын асуудалд анхаарлаа хандуулах шаардлага гарч ирдэг.

-Өсвөр насны охидтой эцэг эхчүүдийн хувьд юуг анхаарах ёстой байдаг вэ. Тэд ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Эцэг эхчүүдийн дийлэнх нь шилжилтийн насны хүүхэдтэйгээ харилцахад маш хүндрэлтэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь өсвөр насны хүүхэд сэтгэлзүйн хувьд их эмзэг байдагтай холбоотой. Тиймээс ч аливаа зүйлд амархан баярлаж, гомддог. Өөрөө хэлбэл, тэдэнд сэтгэл санааны мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх чадвар нь суугаагүй байдаг гэсэн үг. Эцэг эхчүүдийн хувьд энэ үед хүүхэдтэйгээ аль болох нээлттэй харилцах ёстой. Юуны түрүүнд юу хүсэж мөрөөддөгийг нь, одоо ямар бэрхшээл тулгарч байгааг, цаашид юунд хүсэж зорьж байна гэх мэтчилэнгээр нээлттэй ярилцах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд тодорхой хэмжээгээр өөрийгөө нээдэг. Гэхдээ тухайн үед таны хүүхэд ярилцахад бэлэн биш ч байж болно. Тэгвэл өөрийг нь хүссэн үед ярилцахыг зөвлөж байна. Зарим охидын хувьд шууд л нээлттэй ярилцаж эхэлдэг. Энэ бол хүүхэд хүүхдийн онцлогоос шалтгаалдаг зүйл.

Ер нь манайхны хувьд хүүхэдтэйгээ багаас нь нээлттэй харилцдаггүй. Энэ нь эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа. Үүнээсээ болоод охидуудтайгаа харилцах харилцаанд хөндий хоосон орон зайг бий болгодог. Эцэг эхтэйгээ нээлттэй харилцаж өсөөгүй охид томрох тусмаа зайгаа барьж их дотогшоогоо болдог. Тэгэхээр эцэг эхчүүд ялангуяа ээж нарын хувьд охидуудтайгаа бага наснаас нь эхлэн дотно ярилцдаг байх хэрэгтэй. Ингэхдээ нэг наснаас нөгөө насанд шилжих онцлог бүрийг нь судлаж мэдсэн байх нь их чухал. Тухайлбал, сургуулийн өмнөх насанд охидуудад ямар өөрчлөлт гарах уу. Энэ нь эргээд сэтгэлзүйд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэддэг болчихвол та хоёрын харилцаанд гүүр үүсэх болно. Ингэж чадвал өсвөр насны охинтойгоо харицахад тийм ч хүндрэлтэй санагдахгүй.

-Тэгвэл харилцаандаа хана босгочихсон эцэг эхчүүд хувьд одоо юуг анхаарах ёстой вэ. Харилцаагаа сайжруулах ямар арга зам байна вэ?

-Ийм нөхцөл байдалд орсон ээж нар их байдаг л даа. Олон жил гадаадад ажиллаж байгаад ирсэн. Хүүхэд нь гадаадад сурч байгаад ирсэн ч юм уу. Эсвэл тусдаа амьдарч байсан. Тэр ч бүү хэл хамт амьдардаг ч цаг гаргаж чадалгүй явсаар байгаад хөндий харилцаатай болчихсон гээд олон шалтгаантай ээжүүд байдаг. Ийм үед ээж хүн алдаагаа олж харсан бол ямар нэгэн алхамыг хийх ёстой. Жишээлбэл, санаа зовж байгаагаа илэрхийлж захиа бичиж болно. Ингэхдээ би чамаас ийм ийм болохгүй зүйлийг олж харлаа. Үүн дээр ээж нь хэрхэн туслах вэ. Миний зүгээс эдгээр зүйлс дээр алдаа гаргасан байна гэх мэтээр санаа зовж байгаа гэдгээ бодитоор илэрхийлэх хэрэгтэй. Ярилцахдаа ч мөн адил. Нэг мэдэхэд охидууд том болчихно. Тухайн үед харамсаж байхаар аль болох багаас нь охидуудтайгаа дотно байх хэрэгтэй юм шиг санагддаг.

-Өсвөр насны охидын хувьд ойр дотны хүмүүстэйгээ ярилцаж чадахгүй. Тийм нөхцөл боломж бүрдэхгүй байгаа үед сэтгэлзүйн хувьд ямар байдалд ордог вэ?

-Энэ насанд сэтгэлзүйн хувьд ер нь их түгшүүртэй байдалд байдаг. Аливаа зүйл нь болохгүй бол надаас л боллоо гэж хүлээж авах нь их. Жишээлбэл, эцэг эх хоёр нь хэрэлдэхэд энэ бүхэн надаас боллоо. Ээж, аав хоёр минь салчихвал яана. Ээж маань ганцаараа үлдчихвий. Үүнээс болоод аав минь хүнд байдалд орчихвий зэргээр аливаа асуудлыг сөргөөр хардаг. Энэ нь мэдээж түрүүний хэлсэнчлэн сэтгэлзүйн түгшүүртэй байдалтай нь шууд холбоотой. Тийм учраас эцэг эхчүүд энэ үед охиныхоо хажууд юу ярих уу. Ямар хандлага гаргах уу гэдгээ цэгнэж, анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг нэгнийгээ хуурамчаар хайрлаж байгаа дүр эсгэ гэсэн үг биш. Харин ч хэн хэнийгээ хүндэтгэж хайр гэдгийг бодитоор харуулах нь зүйтэй.

-Зарим эцэг эхчүүдийн хувьд охидуудтайгаа харилцахад хэцүү байвал тэр чигээр нь орхих тохиолдол их байдаг шүү дээ. Харилцаагаа сайжруулъя, охиноо сонсоё гэж хүсдэггүй. Ийм үед  охидууд ямар сөрөг хандлага гаргадаг вэ?

-Энэ үед охидууд ихэвчлэн намайг хэн ч тоодоггүй. Би их ганцаардаж байна гэсэн үедээ бусадтай өөрөө өөрийгөө харьцуулаад эхэлдэг. Ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж сэтгэл санаагаар унадаг. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд өөрөө өөрийнхөөрөө байх нь ямар чухал зүйл болохыг ойлгуулах хэрэгтэй. Чи бусдаас өөр ч гэсэн энэ нь юу юунаас илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулахгүй бол гутранги, өөртөө итгэлгүй болчихдог. Нөгөө талаар эцэг эхчүүд өөрсдөө маш том алдаа гаргадаг. Юу гэхээр өөрийнхөө охиныг өөр бусадтай харьцуулдаг. Жишээлбэл, танай ангийн тэр хичээлээ хийгээд онц сурч болж л байна. Чи яагаад хичээж болдоггүй юм бэ гэх мэтээр харьцдаг. Түүнээс гадна хийж байгаа зүйлийг нь дэмжихийн оронд чи хэнд ч хэрэггүй зүйл хийх юм. Үүнийхээ оронд хичээлээ хий зэргээр сөрөг хандлага гаргадаг. Харин ч үүнийхээ оронд миний охин чи яагаад ийм юм сонирхох болов. Чамд яг юу нь ингэтлээ таалагдав. Чи үнэхээр гоё хийж чадаж байна гэх мэтээр урам өгч харилцах хэрэгтэй.

Н.Баасандэмбэрэл 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 908,522 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1