Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Өмнөд Судан улсын Бэнтью хотод энэ сарын 25-ны өдөр 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг тэнд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн амжилттай няцаасан байна. НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас үргэлжилсэн буудлага болоход харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулжээ. Энэ үеэр НҮБ-ын бааз руу гар гранатомёт (РПГ-7)-оор буудсан боловч уг гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унасан ч, тэсрээгүй ба энэхүү гранат унасан газрыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүн аюулгүй болгожээ.