Хүүхдүүдийн хувьд эцэг эх нь яриулж , үзэл бодлыг нь сонсдог, түүнийг нь бодитоор үнэлдэг өсвөр насныхан илүү үр бүтээлч, бусадтай нийтэч, зөв хандлагатай хүн болж төлөвшин хүмүүждэг. Харин хаалттай, хязгаарлагдмал харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд үзэл бодол, сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. Тиймээс өөрт байгаа бүх асуудлаа дотроо шийддэг бөгөөд бусдад өөрийгөө илэрхийлэх чадамжгүй дотогш бие хүн болон төлөвших талтай. Өөрөөр хэлбэл өөрийгөө бусдад зөв илэрхийлж, ойлгуулах чадваргүй болно гэсэн үг юм. Эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байгаа гол шалтгаан нь тэдэнтэй хэрхэн харилцаа тогтоохоо мэдэхгүй байгаагаас улбаатай. Аав нар ихэнхдээ дуугүй байх, ээж нар захиран тушаах арга барилаар харилцсанаас болж үл ойлголцол үүсдэг. Түүнчлэн уламжлал, зан заншлыг чухалчилдаг захиргаадалт бүхий гэр бүл харилцааны асуудал илүү их байдаг.
Сэтгэл зүйч Х.Хандсүрэн