Бразилд олимпиос гадна юу үзэж болох вэ?

2016-05-06   657

ИО-2016 олимп эхлэхэд гуравхан сарын хугацаа үлджээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд Зуны 31 дэх олимп нээлтээ хийнэ. Чухам энэ цаг үед дэлхийн сая сая хүмүүс олимпийн наадмын гэрч болохоор РИО-г зорихоор хүлээж байгаа. Монголд ч бас олимпийн хотод зочлох спортын хорхойтнууд цөөнгүй бий. Олимпийн хот Бразилаар хамтдаа аялцгаая.   

Олимп эхлэхээс 100 хоногийн өмнө галт бамбар Афин хотоос аяллаа эхлүүлж, Бразилийн хотуудаар дамжин явахаар замдаа гараад байна. Олимпийн галт бамбар 300 гаруй хот, тосгодыг дайран өнгөрснөөр бразилчуудын 90 хувьд нь бамбарыг харах завшаан тохиох нь. Галт бамбар наймдугаар сарын 4-нд Риод ирэх хүртэл 12 мянган хүний гар дамжин аялах бөгөөд тэдний дунд Сирийн дүрвэгч 12 настай охин хүртэл багтжээ.

Бразилийн олимпийн наадамд Косово, Өмнөд Судан улсууд анх удаа оролцож, нийт 10500 гаруй тамирчин спортын 28 төрлөөр, 306 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимп үзэх тасалбар 2014 оны есдүгээр сарын 16-нд худалдаанд гарсан бөгөөд нийт 7.5 сая тасалбар борлогджээ. Энэ нь 2012 оны Лондоны олимпиос 200 мянгаар бага борлогдсон үзүүлэлт.  

Хэрэв та Бразилыг зорьж, олимп үзэх гэж байгаа бол буцах гэж бүү яараарай. Хөлбөмбөгийн шилдэг багуудаараа алдартай Бразилд үзэж, сонирхох зүйл их. Рио-де-Жанейрогийн Карнавал, Игуасу /Их усан/ хүрхрээ, “Аврагч” Христийн хөшөө зэрэг нь хэзээд жуулчдын сонирхлыг татдаг. Өмнөд Америкийн хамгийн том газар нутагтай Бразил улсад жуулчилснаар Амазоны ширэнгээр адал явдал эрэлхийлж, Атлантын далайн эргээр наранд биеэ шаран амрах боломжтой.


Бразилийн хамгийн алдартай газрууд:

  • Рио-де-Жанейро Ипанема

Бразилийн 72 километр үргэлжилсэн далайн эрэг дагуу  23 амрах газар байдаг. Түүнээс хамгийн үзэсгэлэнтэй нь Ипанема. Ипанема бол баячуудын дүүрэгт байрладаг болохоор тэнд маш олон алдартнуудтай таарах магадлал өндөр.

  • Рио-де-Жанейро Лапа

18-р зууны үеийн архитектуртай Лапад шөнийн цагаар хөл хөдөлгөөн тасрахгүй. Амралтын өдрөөр гудамжны парти болдог нь залуусын сонирхлыг татдаг.

  • Рио-де-Жанейрогийн өнгө, өнгийн байшингууд

Рио-де-Жанейро хотын ядуусын хорооллын байшингуудыг олон өнгөөр будсанаар жуулчдын анхаарлыг татаж чаджээ. Йероэн Коолхаас, Дре Урхан нарын уран бүтээлчид ядуусын хорооллыг солонгын долоон өнгөөр гэрэлтүүлсэн нь ийм гайхалтай үр дүнд хүргэжээ.

  • “Аврагч” Христийн хөшөө

Корковадо уулын оройд байрлах 38 метр өндөртэй Христийн хөшөө дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг. Эндээс та Рио хотыг бүхлээр нь харах боломжтой.

  • Оскар Нимейерийн архитекторын гайхалтай шийдэл

Алдартай архитектор Оскар Нимейер Бразилийн конгрессын барилга, дээд шүүх, үндэсний номын сан, музей зэргийн сонирхолтой шийдэл бүхий зураг төслийг гаргажээ. Түүний содон бүтээлүүдийг Бразилиа, Сан-Паулу зэрэг хотын хаанаас ч харж болно.

  • Игуасу /Их усан/ хүрхрээ

Өмнөд Америкийн хамгийн өргөн, хүчирхэг, үзэсгэлэнтэй хүрхрээг та Бразил болон Аргентины талаас үзэж болно. Энэ бол секундэд 12 мянган куб метр ус урсдаг дэлхийн хамгийн хурдан урсгалтай хүрхрээ бөгөөд 250 орчим жижиг усан хүрхрээнээс бүрддэг.

  • Ору-Петру уул

Ору-Петру нь “UNESCO”-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын дурсгалт газар. Энд Европын архитектороос санаа авсан 17-р зууны үеийн шийдэлтэй барилга, байшингууд элбэг.

  • Сан-Паулу хот

11 сая хүн амтай Сан-Паулу бол орчин үеийн метрополитан хот. Риог бодвол жуулчдад бага танигдсан байж болох ч эндээс та олон төрлийн соёл хэрхэн зэрэгцэн оршиж байгааг харж болно.

  • Салвадор  буюу “Аз жаргалын нийслэл”

Бразилийн “Аз жаргалын нийслэл” гэдгээрээ алдартай Салвадор хотод та заавал очиж үзэх хэрэгтэй. Энэ бол Бразилийн хамгийн эртний хот юм. Энэ хотын хүн амын 80 гаруй хувь нь Африк гаралтай хүмүүс байдаг учраас африкийн соёлын нөлөө их. Энд хоёр сая хүн оролцсон дэлхийн хамгийн том Карнавал болдог.

Түр хүлээгээрэй, БОЛГООМЖ илүүдэхгүй

Эцэст нь онцлоход, энэ зун Бразилийг зорихоор төлөвлөсөн эрхэм танд аюулгүй байдлын анхааруулгыг хүргэж байна. Халуун цуст бразильчуудын дунд заримдаа та  найрсаг биш хүмүүстэй таарч болно. Хар тамхины наймаа, гэмт хэргийн гаралт Бразильд өндөр байдаг. Ялангуяа том хотуудад хулгай, дээрэм, хүчирхийлэл гарах нь элбэг. Бразил аллагын үзүүлэлтээр дэлхийн хамгийн аюултай 20 орны тоонд ордог. Дээр нь Бразилийн газрын тосны хамгийн том компани “Петробрас”-ын авлигын хэрэгт ерөнхийлөгч Дильма Руссефф холбогдсоноос улс төрийн зөрчил үүсчээ. Бразилийн сөрөг хүчин авлигын дуулианд холбогдсон ерөнхийлөгч Дильма Руссеффт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Сенатын түвшинд хүргэж амжсан байна.

Олимпийн наадам Бразилд болж байгаа нь тамирчид, жуулчдын санааг зовоож байгаа нь нууц биш. Олимпийн усан спортын төрлүүд болох усан сан, далайн эргээс антибиотект тэсвэртэй нян илэрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Үүний дээр ургийн толгойн дутуу хөгжил, тархины саажилт үүсгэдэг Зика вирусын халдвар Бразил болон хөрш орнуудад нь тархсан. Бразилийн Засгийн газраас Зика вирусыг тараагч шумуулны эсрэг цэвэрлэгээ, ариутгал, устгал хийсэн гэж мэдээлж байна. Гэвч олон улс тамирчдаа шумууланд хазуулахаас сэрэмжлүүлж, жирэмсэн эвсэл жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүдийг Бразилийг зорихгүй байхыг анхааруулсаар байгаа аж.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 818,457 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1