“Говь” компани таван жилийн дараа буюу 2021 онд 100 хувь ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 тэргүүлэгч болно гэдгээ өнөөдөр олон нийтэд зарлалаа.
2015 онд “Говь” компани 10 мянган ширхэг ноолууран пальто борлуулж байсан бол таван жилийн дараа энэ тоог 10 дахин нэмэгдүүлж, 100 мянган ширхэг болгох зорилго тавьжээ.
Манай ноолууран пальто бөөсөрдөггүй
Тус компани Италийн шилдэг дизайнерууд болох Андреа Барделли, Саверио Палателла нартай 2009 оноос эхлэн ажиллаж байсан бол энэ жилээс дизайнер Луизелла Беццитэй хамтран ажиллахаар болжээ. Мөн пальтоны хамгийн чухал үзүүлэлт болох оёдол, суулт, эсгүүрийн технологи чиглэлээр Японы №1 Lapine, Aldex зэрэг компаниудаас туршлага судалж, хамтран ажиллах гэнэ.
Дэлхийн зах зээлд 100 хувь ноолууран пальтоны үнэ 3000 ам.доллараас эхэлдэг бол "Говь" брэндийн ноолууран пальтог 298 ам.доллараас эхэлж байгаа ажээ. Энэ нь өндөр чанартай , шинэлэг загвартай дэлхий дахин өрсөлдөх тансаг пальтог Монголоос 10 дахин хямд үнээр худалдан авах боломжтойгоороо онцлог юм.
"Говь" ХК, Тэргүүн дэд захирал Д.Наранбаатар:
Тус компани онлайн хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлж, дэлхийн аль ч улс руу 399 ам.доллараас эхэлсэн үнээр хүргэж өгөх боломжийг нээнэ.
"Ноолууран бүтээгдэхүүний бөөсрөлтийг олон улсад таван баллаар хэмждэг. Манай сүлжмэл бүтээгдэхүүнүүд болох ноолууран цамц, малгай, бээлий нь олон улсын стандарт нийцсэн 3-4 баллаар хэмжигддэг бол оёмол бүтээгдэхүүн болох пальтонд тийм үзүүлэлт байдаггүй, өөрөөр хэлбэл бөөсөрдөггүй" гэлээ.
“Говь” ХК хувьчлагдсанаас хойш үйлдвэрлэлдээ нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх таван жилд дахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлж жилдээ 100 тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх юм байна.
Дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улсын ямаан сүрэг өөр хаана ч байхгүй ноолуурын дөрвөн өнгийг бий болгодог бөгөөд хамгийн ховорт тооцогддог хөх саарал өнгийн ноолуур зөвхөн манай улсад байдаг байна.
Итали хувцас загварын эх орноор, Франц сүрчгээр, Швейцар цагны үйлдвэрлэлээр төсөөлөгдлөг бол Монгол улс 100 хувь ноолууран пальтогоороо дэлхийд танигддаг болох боломж байгааг тус компанийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар хэлсэн юм.
Тус компани онлайн хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлж, дэлхийн аль ч улс руу 399 ам.доллараас эхэлсэн үнээр хүргэж өгөх боломжийг нээх тухайгаа зарлалаа.
Хэрэглэгч бидний гар дээр НООЛУУРАН ПАЛЬТО болон бусад бүтээгдэхүүн хэрхэн боловсруулагдаж ирдгийг фото сурвалжлагаар хүргэж байна.
Түүхий эдийг ангилах дамжлага
Түүхий эдээс утас үйлдвэрлэх дамжлага
Сүлжмэлийн үйлдвэр
Бүтээгдэхүүний загвар, эсгүүрийг гаргадаг хэсэг
Ноолууран пальтоны оёдлын үйлдвэр
Ноолууран пальтог гараар оёдог
Хөнжил үйлдвэрлэж байгаа нь
Бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очиход бэлэн боллоо
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр 51 орны тэргүүн ирнэ. Энэ үеэр тэдний Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой авахуулсан зургийг шааль дээр хэвлээд бэлэглэх гэнэ. Принттэй шаалийг хоногт 100 ширхгийг үйлдвэрлэх боломжтой юм байна.
http://news.gogo.mn/r/186311