“Эрдэнэс Таван Толгой Майнинг” ХХК-н Гүйцэтгэх захирал Х.Наранхүү:
Дэлхийн эдийн засаг сэргэх үед бид бэлтгэлээ сайн хангасан байх ёстой
Төрийн өмчит ЭТТ Майнинг компани ямар зорилготойгоор байгуулагдсан бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе.
ЭТТМ Компани байгуулагдаад найман сар болж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөх, үр бүтээмжийг дээшлүүлэх, техник технологи болон менежментийг орчин үеийн жишигт хүргэх гэх мэт ирээдүйгээ харсан, зайлшгүй тулгамдаад буй шаардлагуудыг харгалзан үзэж манай компанийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан.
Зайлшгүй шаардлагуудын талаар товч дурьдая л даа. Тухайлбал Эрдэнэс Таван Толгой компани өнгөрсөн жил 16 сая тонн нүүрс олборлож, төдий хэрийг борлууллаа. Ингэхдээ нүүрсээ түүхийгээр нь ямарч боловсруулалт хийлгүй ачиж байгаа. Худалдан авч байгаа компаниуд манай нүүрсийг угааж боловсруулаад зарж ашиг хийхээс гадна кокс боловсруулдаг үйлдвэрүүд ч өндөр ашиг олж байгаа. Тэгвэл бидэнд ч эдгээр боловсруулалтуудыг хийх боломж байна, хэрэгцээ байна, мөн амбиц байна. Ингэснээр Монголчуудад үлдэх ашиг нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөх, буурах аль ч савлагаанд компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Цаашилвал манай уурхайчдын байнга санаа зовниж явдаг, дэлхийд ховорхон давтагдах баялгаа сорчлоод, сайныг нь ухаж хямд зарсаар ордын ашиглалт муудаж, олон жил тогтвортой ашиглах боломжгүй болох эрсдэлийг ч зайлуулах хэрэгцээ байна.
Дээр нь уурхайгаа түшээд дээрх үйлдвэрүүдыг байгуулснаар улсын төсөвт төлөх татвар нэмэгдэж, 1072 хувьцааны ноогдол ашиг ч баталгаажих олон давуу талууд байгааг УИХ, ЗГ давхар харж манай компанийг байгуулсан гэж бид ойлгож байгаа.
Ард түмний, салбарынхны, шийдвэр гаргагчдын Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол улсдаа хамгийн ашигтайгаар хөгжүүлэх олон жилийн хүсэл эрмэлзлэлийг тээж буйгаа ЭТТМ компаний хамт олон гүнээ ухамсарлаж, тавигдсан зорилтуудыг шийдвэрлэхээр байгуулагдсан өдрөөсөө эхлэн шаргуу ажиллаж байна.
Найман сар гэдэг бол бизнесийн байгууллагад харьцангуй бага хугацаа. Ажлын явц хэр байна.
Тавигдсан зорилтуудыг хангахын тулд нэн тэргүүнд бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн судалгааг олон улсын аль ч төрлийн хөрөнгө оруулагчдын шаардлага хангах, Монгол улсын төр засгийн байгууллагууд итгэлтэйгээр шийдвэр гаргах түвшинд боловсруулах ажил байлаа. Энэ ажлаа бид хийгээд явж байна. Хөгжлийн том зорилтуудыг шийдвэрлэх энэ ажлыг хийхдээ Зүүн Цанхи уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулалгүй, уурхайгаас Компанид болон Монгол улсын төсөвт орох орлогыг тасалдуулахгүй байх зорилтыг мөн давхар,хэрэгжүүлж байгааг мөн цохон тэмдэглээд хэлчих нь зүйтэй байх.
Шинэчилж буй ТЭЗҮ-үүдээс үзэхэд Таван толгой дээр нүүрс угаах үйлдвэрийн иж бүрэн цогцолбор байгуулахад 300-400 сая доллар, эхний ээлжийн коксын үйлдвэр барихад болгоход мөн 200-300 орчим сая доллар шаардлагатай гэсэн тооцоог манай зөвлөхүүд хэлж байна. Энэ бол эхний ээлжинд босгож олж ирэх шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Төмөр замын бүтээн байгуулалт, 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг зэрэг ачааллууд байгаа тул ЭТТ компаний борлуулалтын орлогоос бүх бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх боломжгүй, хүрэлцэхгүй байгаагийн зэрэгцээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн хэлбэлзлээс шалтгаалан түүхий нүүрс олборлон зарж буй компани жил бүр дандаа ашигтай байгаад байх боломж хязгаарлагдмал тул хөрөнгө оруулалтыг бусад аргаар шийдвэрлэх хэрэгцээ байгаа юм.
- Хэд хоногийн өмнөөс Эрдэнэс Таван толгойн уурхайн ажилчид эсэргүүцлийн алхалт эхлүүлж, тодорхой шаардлагуудыг компанийн удирдлага болон, салбарын сайддаа хүргүүлсэн гэсэн. Энэ нөхцөл байдлын талаар та ямар тайлбар хэлэх вэ?
Уг нь бол цэвэр хөдөлмөрийн маргааны үүсэлтэй юм. Манай компани бол 100 хувь төрийн өмчийн компани. Болсон явдал гэвэл манай туслан гүйцэтгэгч компани дотор ҮЭ-ийн байгууллага хууль дүрэм зөрчиж байгуулагдсан учраас тус компани ба тодорхой ажилтнууд хооронд маргаан үүссэн. Мөн уг маргаанд манай туслан гүйцэтгэгч компаний техник дээр ажилладаг ЭТТ компаний зарим ажилтнууд татагдан орсон. Хөдөлмөр маргааны энэ асуудлыг дэвэргэх сонирхолтой талууд манай компанийн зорилго, үйл ажиллагааг буруу зөрүүгээр нийтэд мэдээлэх замаар олны анхааралд өртөх оролдлого хийж байгаад бид харамсаж байна. Аж ахуйн ажил улстөрөөс ангид байх ёстой. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлж болохгүй. Үйлдвэрлэлийн сахилга дэг журам бол хатуу. Үүний ард хүний амь нас эрүүл мэнд байдаг юм шүү дээ. Тийм учраас хуулийнхаа хүрээнд л байх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг. Улстөржсөн хандлагаас болж сүүлийн жилүүдэд олон томоохон төсөл хөтөлбөрүүд зогсож гацаж байсныг бид бүгд мэдэж байгаа. Манай уурхай дээр болж байгаа үйл явдлыг улстөржүүлж, хэвлэл мэдээллээр дэвэргэх санаархал нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай давхцаад байгаа нь ч анзаарагдаж байна. Дахиад хэлхэд манай уурхай дээр болж байгаа үйл явдал нь цэвэр дотоодын хөдөлмөрийн маргаантай холбоотой үйл явдал юм.
-Зарим нэг хүмүүс Таван Толгойн уурхайг үргэлжид ашиг олж байдаг. Ашиг олоод болоод байгаа уурхайг хувааж тасдаад янз бүрээр оролдоод байдаг гэж бодоод байх шиг байдаг.
Эрдэнэс таван толгой компани байгуулагдаад 10 гаруй жил болчихлоо. Арваад жил нүүрс зарлаа. Тэглээ гээд сүүлийн хоёр жилд л гайгүй ашигтай ажиллаж байгаа. Би өмнө хэлсэн, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн цикл байдаг гэж. Үнэ өндөртэй жилүүд байлаа гээд залгаад заавал уналтын жилүүд ирдэг. Энэ жил корона вирусын тархалттай холбоотойгоор үнэ унах нь тодорхой болж байх жишээтэй. Дэлхийн эдийн засаг унаж, хямрал болох нь тодорхой болчихлоо гээд гадна дотны экспертүүд хэлээд байна. Энэ оны эхний дөрвөн сарын нүүрсний борлуулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувь буурсан дүнтэй байгаа. Борлуулалтын хэмжээ буураад байгаа ч одоохондоо үнэ унаагүй байна. Цаашдаа үнэ унах эрсдэл байна. Хэдийгээр борлуулалт буурсан ч манай хамт олон өнгөрсөн дөрвөн сард төлөвлөгөө нормоо биелүүлсэн. Нүүрсний олборлолтоо бууруулаад хөрс хуулалтаа нэмэгдүүлсэн. Хөрсөө хуулаад бэлдчихвэл цаг сайжраад борлуулалт нэмэгдсэн цагт олборлолтоо нэмэгдүүлэх бэлтгэлээ базаасан гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд хилээр өдөрт 1100 орчим машин нүүрс гардаг байсан бол одоо өдөрт 40-50 машин гарч байна. Цар тахлын тархалттай холбоотойгоор ган үйлдвэрлэл, эрчим хүч үйлвэрлэл гээд сайн чанарын нүүрс хэрэглэгч гол үйлдвэрлэлүүд зогсонги байдалд орж, нүүрсний эрэлт буурч, борлуулалт, үнэ буурах, нөлөөлөл нь 1-2 жилдээ ямар нэг байдлаар үргэлжлэх төлөв байна. Энэ үед нь бид амжуулаад уурхайгаа өргөтгөөд, үйлдвэрүүдээ байгуулаад авбал цаг сайжрах тэр үед нь ахиухан бүтээгдэхүүнээ үнэ хүргэж зарах бэлтгэлээ хангаад байна. Үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөө, ТЭЗҮ-д зохих тодруулга өөрчлөлтүүдээ хийхээр ажиллаж байна. Ойрын 2-3 сард үүнийгээ бэлэн болгочихно. Ингэсний дараа бид хөрөнгө оруулалт, эхний ээлжийн санхүүжилтээ босгох ажилдаа орох юм.