МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг

2020-09-08  

Таныг эцэг эхээсээ долуулаа гэж сонссон. Олуулаа өсөх сайхан шүү дээ. Хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

Миний хүүхэд нас хүний амьдралын жам ёсоор үхэж үрэгддэг, алдаж онодог тавилантай адилхан өнгөрсөн. Мэдээж долоон хүүхдийн хамгийн том нь найман настайдаа л эцгээсээ үлдэнэ гэдэг хүнд шүү дээ. Хөөрхий ээж минь ийм л хүнд амьдралыг нуруун дээрээ үүрч ирсэн юм. Гэхдээ, нэг ч удаа мохоогүй, шантраагүй, нурж унаагүй, хүүхдүүдээ өсгөөд өдий зэрэгтэй болгосон. Ингээд л жам ёсоороо  бурханы орондоо одсон доо. Долоон хүүхэд өсгөхийн хүнд хэцүүг би бол мэдэхгүй . Би бол хоёр хүүхэд өсгөх гэж зовж байна шүү дээ. Гэхдээ миний хүүхэд нас үнэхээр сайхан байжээ. Социализмын үе гэдэг маань хамтач үзэлтэй, нэг нэгнийхээ дэмжлэгээр л амьдардаг байсан үе. Цалин мөнгөтэй, ажил төрөлтэй байсан болохоор миний ээж ганц бие ч гэсэн, бие даасан хүн байсан учраас долоон хүүхдээ бүгдийг нь сургуультай болгосон доо. Миний ээжийн хамгийн том гавъяа нь тэр. Яахав дээ, бид бол толгой цувдай л идэж өссөн. Ойлгомжтой шүү дээ, Тэр үедээ хамгийн муу хоол байсан байх даа. Одоо бол хамгийн эко хоол болж шүү /инээв/. Тийм л нэг эгэл жирийн амьдралаар өссөн дөө би.

Аавынхаа 58 насанд нь мэндэлсэн гэхээр их хэнз хүү юм. Эрх дураараа байж чадсан уу?

Тийм ээ, би чинь хэнз хүүхэд. Гэхдээ эрхлэх гэдэг зүйл огт байсангүй. Би чинь 9 сартай л ааваасаа үлдсэн шүү дээ. Тэгээд надаас хойш 2 хүүхэд гарсан юм. 9 сартай үлдсэн хүүхэд ямар юмаараа тэрийг мэдхэв дээ. “Чиний аав ийм мундаг, сайхан хүн байлаа” гээд ээж минь надад ярьдаг байсан. Тэр  үзэл бодол л намайг амьдралд хөтөлсөн. Би чинь сайн эцэгтэй хүн юм байна,  муу явж болохгүй юм байна, гэж л хичээж ирсэн. Үүнийг ээж маань  сэтгэл зүрхэнд минь ойлгуулчихсан болохоор би өдий зэрэгтэй зүтгэж, тэгээд ялангуяа аавынхаа мэргэжлийг өвлөж аваад, хоёр хүүхэд нь амжилттай явж байна гэдэг бол  сайхан хэрэг юм. Жүжигчин гэдэг мэргэжил ямар зовлонтой мөртлөө, ямар жаргалтай вэ гэдгийг, ард түмэн жүжигчин гэдэг мэргэжлийг ямар их дээдэлдэг гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгож байна.

Аав тань хэдийгээр бурхан болсон байсан ч алтан үеийн сайхан жүжигчид, тэр үеийн уран бүтээлчид танайхаар орж гардаг байсан болов уу?

Социализмын үед  манайх чинь хуарангын систем байлаа шүү дээ. Драмын театрын зуслан гэж байсан юм. Алтан үеийнхэн чинь тэнд л байдаг байлаа. Тэгэхэд би бага үлдсэн учраас бараг тэр алтан үеийнхний гар дээр тэврүүлж өссөн дөө. Тэр хүмүүс л намайг хүн болгосон юм. Нямын Цэгмид, Л.Лувсан, Ж.Лувсанжамц, Ц.Гомбосүрэн, Ц.Гантөмөр гээд л дандаа гайхалтай уран бүтээлчид л намайг ээлжилж аван асарч халамжилдаг байлаа. Тэр сайхан хүмүүсийн буянд л би хүн болж дээ.

Урлагийн замд, жүжигчний амьдралтай холбогдох болсон хамгийн том шалтгаан тань юу вэ?

 

Би ер нь жүжигчин больё гэж бодож байгаагүй л дээ. Ээж маань л манай ахыг “чи наадхаа Багшийн дээд сургуульд жүжигчний ангид шалгуул, юмыг яаж мэдэхэв” гэж хэлсэн байгаа юм . Хүний ээж гэдэг чинь хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургуультай болгочих юмсан л гэж бодно шүү дээ. Тэгээд би очоод шалгуулсан даа. Гэтэл 3000 гаруй хүүхдээс 4 хүүхэд л авахад тэнцчихэж билээ /инээв/  Тэр үед  Цагааны Цэгмидийг судлаач Г.Дашдондог гэдэг хүн Тэнхимийн эрхлэгч байсан юм. Тэгэхээр хүн л нэг буян хийсэн байх нь дээ /инээв/ Гэхдээ бас би муу байсан бол юу гэж л буяныг нь даахав дээ. Э.Оюун гэж агуу хүн бас шалгалт аваад сууж байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүсийн буян, жаргалыг даагаад, сайн жүжигчин байх гээд хичээгээд л явж байна даа. Тэд нар маань намайг авсандаа харамсахгүй байгаасай, яг зөв хүнээ авсан шүү гэж хэлүүлэхийн тулд өнөөдрийг хүртэл би тэмцээд, ажиллаад явж байна.

Таны ярианд дандаа сайхан хүмүүсийн нэр дурсагдаж байна.

Тэгэлгүй яахав, би чинь дандаа агуу хүмүүсийн дунд өссөн. Би чинь Доржсамбуу багшийн гарын шавь нь. Н.Цэвээнравдан, Э. Оюун, Н.Сувд эгч гээд мундаг хүмүүс миний багш байлаа. Одоо энэ “Сити” сургуулийн захирал Ц.Байгальмаа, Л.Чаминчулуун миний багш байлаа. Ерөөсөө ийм агуу хүмүүсээр би чинь эрдэм ном заалгасан. Одоо Украины театр урлагийн сургуулийн захирал Орос багш маань надад яг зааж, зааварлаж байсан тулдаа өдийй зэрэгтэй байгаа юм. Өөрөө тэгээд сурах гэж эрмэлздэг, мэрийдэг байсан нь их тус болсон байх гэж боддог.

Долоон хүүхдийн дөрөв нь урлагийн замыг сонгожээ. Үүнд аавын нөлөө байсан болов уу гэж бодож байна. Ахтайгаа  зөвлөх, биенээсээ суралцах гээд сайхан байх даа?

Мэдээж тийм юм байдаг. Манай үзэгчид харилцаа үзэх их дуртай. Тэгэхээр тэр харилцааг зөв үзүүлэх ёстой. Тэр том эцгийн хоёр хүү муу тоглож болохгүй шүү дээ. Ямар ч бүтээлд муу тоглож болохгүй. Сэтгэл зүрхээ өгч л тоглож байж, бүтээл маань өөрөө сайн гардаг. Жам  нь тийм шүү дээ.  Бид муу тогловол эцэг маань муу хэлүүлнэ шүү дээ гэдэг туйлын зорилго байна л даа. Алдаж онох зүйл байлгүй яахав. Гэхдээ алдсан бол алдаанаасаа сураад л, сайжраад л яваад хэрэгтэй. Энэ бол уран бүтээлч хүний өөрийнх нь увидас байхгүй юу.

Хүмүүс бодохдоо таныг их хурц ширүүн зантай, тийм ч сайхан ааштай хүн биш гэж дүгнэдэг. Харин та өөрийгөө хэрхэн дүгнэх вэ?

Би бол ямарваа нэг юманд хариуцлагатай л хандахыг хүсдэг. Одоо үед ардчилалыг хариуцлага гэж боддоггүй, ямарч хариуцлагагүй хүмүүсийн дунд бол уурлаж, бухимдахаас өөр аргагүй шүү дээ. Энэ бол хариуцлагаас л гарч байгаа харилцаа шүү дээ. Өнөөдөр энэ нийгэмд жүжигчин хүн ямар байх ёстой юм гэдэг процесс чинь надад нийцэхгүй байгаа болохоор л би бухамддаг. Тэгээд бухимдаад тэрийгээ гаргаадм хэлчихэдэг байхгүй юу. Тэрийг л хүмүүс ууртай, догшин гэж бодоод байгаа юм. Тэрнээс биш надад уурлаад, аашлаад байх шаардлага байхгүй шүү дээ.

Төмөрхуяг гэдэг хүнийг өөрийг нь яг л дүрсэлсэн мэт, таны дотоод сэтгэлийг уудлан харуулсан дүр бүтээсэн үү. Хэрэв тийм бол уншигчидтай хуваалцахгүй юу?

Үгүй ээ яахав байдаг. Зарим дүрүүдийг мэдээж өөрөөсөө л хийнэ шүү дээ. Би өөрөө санаандаа бол их сайхан, эерэг талын хүнд тоглох юмсан гэж боддог л байсан. Одоо  ч бараг эерэг дүр хийдэг л болоод байна лдаа. Тэрнээс биш Монголчууд чинь их туйлшрах дуртай шүү дээ. Тэгээд л “энэ их зэвүүн, балмад хүнд тогловол зүгээр” гээд харчихсан байдаг шиг байгаа юм. Түүгээрээ бодоод дүрүүд өгөөд байдаг тал бий. Гэхдээ тэрэндээ бас биш байх аа. Эсрэг дүр бүтээнэ гэдэг маань тэр дүрийн сэтгэл санаанд нийцэхгүй байгаа зүйлийг л хийж байгаа шүү дээ. Тэрийг л эсрэг дүр гээд байгаа юм. Тэрнээс биш тэр чинь хүнийхээ хувьд аав ээжээс төрсөн жирийн л хүн, өссөн орчин нь л өөр байх даа.

Сүүлийн үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, нилээдгүй олон бүтээлд дүр бүтээж байна. Жишээлбэл Фантастик продакшны уран бүтээлүүд, сүүлд нээлтээ хийсэн “Хэлгүй жим” МУСК гэх мэт дурьдаж болно. Залуу уран бүтээлчдийн арга барил, тэдний сэтгэлгээ хэр  хэмжээнд байна гэж та харж байна?

Зөв залуучуудтай ажиллах урамтай шүү дээ. Янз бүрийн л хүмүүс байгаа. Бүтээл хийнэ гэдэг чинь өөр асуудал юм. Бүх л зүрх сэтгэлээ зориулж дайчлан ажиллах ёстой. Тэр ч утгаараа би Фантастикийн залуустай хамтарч ажилладаг. Бидний хамтдаа бүтээсэн олон сайхан бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Би өөрөө ч тэгж дүгнэдэг. Манай залууст хийе, бүтээе гэсэн дэврүүн сэтгэл байна. Тийм ч учраас би тэднийг дэмждэг. Дэмжиж явах ч учиртай юм.  Тэгэхгүй нэг их том хүн юм шиг, залуусыг үл тоож, дэмжиж ажиллахаас татгалзаж суувал утгагүй хэрэг юм. Харин ч тэднийг зөв зам руу нь чиглүүлж, чанартай сайхан бүтээл хийх урам зоригийг өгдөг. Урлагт, тэр дундаа киноны ажилд мэдээж мөнгө санхүү яригдана. Хэдий хэмжээний мөнгө өгч байна, тэрнийх нь дагуу тоглодог жүжигчид ч бий. Гэхдээ би бол тийм хүн биш ээ. Аль болох туслах юмсан, надаас тэд сурна гэсэн сэтгэлээр л хандаж байна. Би ч бас эргээд энэ залуусаас маш их юм сурч байна. Цаг үе өөр болсон байна шүү дээ. Залуусын мэдэж, чадаж байгаа зүйлсийг би мэдэхгүй байна. Тийм ч учраас би “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Өөрөөр хэлбэл залуу хүүхдүүдэд мэддэг чаддагаа заах, эргээд тэднээсээ суралцаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй байна гэсэн үг юм даа.

Тун удахгүй нээлтээ хийх “Эхиймаа” УСК-нд та дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээлийн тухай, толгосон дүрийнхээ талаар ярихгүй юу?

Энэхүү кино нь болсон үйл явдалаас сэдэвлэн бүтээгдсэн уран бүтээл юм. Өөрөөр хэлбэл сэдэв нь амьдралаас урган гарсан гэсэн үг. Миний хувьд гол дүрийн эмэгтэйн аавын дүр дээр ажиллаа. Ер нь амьдралд хүн гэдэг амьтан чинь үр хүүхдийнхээ л төлөө явж, тэднийхээ төлөө л амьдарч дуусдаг юм байна. Магадгүй, хүн болж төрсний зорилго тэр ч юм шиг санагддаг. Миний дүрийн хувьд, охин нь буруу үйлдэл хийгээд, амьдралдаа алдсан нь эцэг хүнд хэрхэн хүндээр тусч байгааг үзүүлдэг юм. Алдаа хийгээд, “хэцүү” газар орчихсон охиноо харж суугаа эцэг хүний амнаас ямар ч үг гардаггүй юм байна. Бүр уйлж чадахгүй, гомдож болохгүй, тэр тусмаа загнаж буруутгаж бүр чадахгүй. Энэ үнэхээр хэцүү шаналан. Ялангуяа охин хүүхэд гэдэг чинь хичнээн эмзэг, хэцүү билээ. “Би чамайг буруу хүмүүжүүлсэн учраас, миний охин алдлаа” гэх харуусал гуниг тээж байгааг үзүүлэх “дүрийн шугам”-ыг л барьж тоглох гэж хичээлээ. Угаасаа үр хүүхэд нь ямар нэг алдаа гаргахад эцэг хүн бүх бурууг өөр дээрээ авдаг, дотроо нурж, эмтэрч суудаг юм байна л даа. Тийм ч учраас уулзаж ч чадахгүй зугатаж байгаа нь өр өвдмөөр. Нэг бодлын “жаргалтай” зовлон гэмээр. Алдахгүй хүн гэж байдаггүй, харин жижигхэн л алдаасай, том алдаа бүү хийгээсэй гэж хүний эцэг эх хүсч суудаг юм шүү.

Сүүлийн үед таны бүтээсэн дүрүүдээс тэс өөр байв уу?

Шал өөр шүү. Сүүлийн үед би ч нь мафийн толгойлогчийн дүрд их тоглолоо. Нас намбаа дагаад аавын дүрд их орж байна. Залуучууд чинь ил хэлэхгүй ч гэсэн цаагуураа, дүрээр дамжуулаад нас тогтож байгааг минь сануулаад байна шүү /инээв/ Гэлээ гэхдээ байгалийн жамыг сөрнө гэж юу байхав. Харин нас явж, зүс өөрчлөгдсөн ч дотоод сэтгэлийн гүн дэх өөрийн үзэл бодол, амьдралд олж авсан мэдлэг оюунаа л хөгшрүүлэхгүй хэвээр хадгалахсан гэж хичээж байна даа. Тэрнээс биш гадна хэлбэр бол юу ч биш шүү дээ.

Аав хүн гэдэг үргэлж ээж шиг үглээд байхгүй ч дотроо хамгийн их зовж, чимээгүйхэн нурж байдаг уул юм. Харин та бодит амьдрал дээр өөрийгөө ямаршуухан аав гэж дүгнэлдэг вэ. Үр хүүхдэдээ хэрхэн үлгэрлэхийг хичээдэг вэ?

Миний хувьд бол амьдрал дээрээ нэг их тийм нялуураад, хайрлаж байна гээд хошуу дэвсээд гүйдэг аав биш ээ. Урлаг намайг тийм болгосон байж магадгүй. Ёстой л хал нь гаднаа хайр нь дотроо хүн гэх юм уу даа. Миний үр хүүхэд, миний үргэлжлэл юм чинь тэднийгээ хайрлаж халамжлалгүй яахав. Хүүхдүүд минь намайг их зөөлөн хүн гэдэг юм. Би хүүхдүүдээ алд, алдаа хий л гэж хэлдэг. Гэхдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг. Би чинь мөнх настай биш шүү дээ. Намайг яваад л өгөхөд хүүхдүүд минь бардам л үлдэх учиртай гэж боддог.

Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.

Хүн бүр хариуцлагатай байгаасай гэж би хүсдэг. Хаана ч ямар ч салбарт ажиллаж байсан, дор бүрнээ хариуцлагаа ухамсарладаг байгаасай. Эргээд бусдаас хариуцлага нэхдэг, хамтдаа хөгждөг байвал сайхан сан. Хийж байгаа ажилдаа чин зүрхээ зориулж, бие биедээ урам болж амьдрах хичнээн сайхан билээ дээ. Төмөрхуяг гэдэг хүн нэг л өдөр аав шигээ бурхны оронд яваад өгнө. Тэнд намайг ямар олон сайхан хүмүүс хүлээж байгаа бол гэж би төсөөлдөг. Харин би тэдэн дээрээ очихдоо хэлэх үгтэй, хийсэн үйлтэй байхыг хичээж байна. “Май, үүнийг хардаа” гээд л тайлан үзүүлэх хэмжээний байвал сайхан/инээв/ Тэгвэл тэд маань баярлах байхдаа л гэж боддог юм. Агуу хүний хүүхэд байсны хувьд, бага насандаа эдэлж чадаагүй эрх жаргалыг ард түмэн аавын минь өмнөөс өгч байна. Магадгүй, аав минь л энэ их хувь заяаг надад үлдээсэн байх даа.

Танд баярлалаа.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
Шинэ
Их уншсан
Жүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээ
Twitter
Статистик
Та манай 1,004,060 -р зочин
Нийт мэдээ: 1,047
Холбогдсон: 2