Нэг хэсэг тасраад байсан хүүхдийн уран бүтээлийн орон зайд хөгжилтэй адал явдлаар дүүрэн, цоо шинэ өнгө төрх бүхий нэгэн бүтээл мэндэлсэн нь “Том толгойтын адал явдал” цуврал юм. Энэхүү цуврал уран бүтээлийн 4-р анги буюу “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино нь 10-р сарын 01 –ээс бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Үзэгч хүүхдүүдийн хүсэн хүлээдэг цувралын ээлжит ангийг “BroSis pictures”, “Meguun media”, “Red Urban construction” хамтран бүтээжээ.
“Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” УСК-ны уран бүтээлчид кино нээлтийнхээ өмнөхөн кино шүүмжлэгчид, тайз дэлгэцийн уран бүтээлчид, продюсинг компанийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхнийг урин Vip үзвэр хийсэн байна. Анхны үзэгчдийн хувьд, зоригтой шийдлүүдийг шингээсэн, орчин үеийн график дурслэл, дуу хөгжмийг оновчтойгоор ашигласан, өнөөгийн хүүхдүүдийн анхаарлыг татахуйц бүтээл болжээ хэмээн дүгнэсэн юм. Мөн тус кино нь Монгол агуулгаа шингээж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зураг авалтаа хийсэн нь үзэгчдийн мэлмийг баясгах бүтээл болсныг онцолж байлаа.
Сонирхуулахад, кино зураг авалтын 70 хувь нь Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутаг дахь байгалийн дурсгалт газрууд буюу Хэрмэн цав, Хонгорын элс, Ёлын ам, Хавцгайтын хад, Толь хад, Дүнгэнээгийн хавцал, Хорьдал сарьдагийн нуруу гэх мэт газруудад хийгдсэн гэнэ. Үүнээс харахад үзэгчид энэхүү киноноос Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг мэдрэн, бахархах, хайрлах мэдрэмжийг авах нь гарцаагүй.
Гэр бүлээрээ сонгон үзэх, үлгэрийн сэдэвт “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино үзэгч та бүхэнд хүрч эхэллээ.