Клиник сэтгэлзүйч Х.Хандсүрэн: Хүн өөрийнхөө сөрөг бодлыг эерэгээр цэнэглэх нь хамгийн чухал

2016-01-20  

 

Нийгэм дэхь чимээгүй тархалтын нэг бол таргалалт. Хүүхэд, хөгшчүүд гээд аль ч насны хүн таргалалтанд өртөж, сэтгэлээр унах болсон энэ цаг үед зүрх сэтгэлээ зөв замруу хөтлөхөд тус болох үүднээс энэ долоо хоногийн зочноороо Клиник сэтгэлзүйч Х.Хандсүрэнг урьлаа. Жингийн илүүдэл нь хүний сэтгэл санаа болон, бие махбодид хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буй талаарх түүний үнэтэй зөвлөгөөг уншигч та нартайгаа хуваалцахдаа таатай байна.

 

1.Бидэнтэй ярилцахаар цаг гаргасан тань баярлалаа. Юуны түрүүнд таргалалт болон жингийн илүүдэл нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар уншигчидад маань мэдээлэл өгөөч. Түүний хор уршиг хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Баярлалаа. Таргалалт нь хүний сэтгэлзүй болоод бие махбодид маш ихээр нөлөөлдөг. Ер нь хүний амьдралын хэв маяг, хэвшил тодорхой хэмжээгээр алдагдаад ирэхээр бие махбодь дагаад өөрчлөгддөг талтай. Хэрвээ буруу хооллолт, буруу зуршилд хэвшээд ирэх юм бол түүнд их амархан дасна. Хэрэглэх тусам түүндээ дасан зохицдогтой адилхан буруу хооллолт хүнийг буруу хэвшилрүү татдаг. Хамгийн их сэтгэлээр унадаг хүмүүсийн тоонд илүүдэл жинтэй хүмүүс багтдаг. Ялангуяа хүүхдүүдэд илүү их ажиглагддаг. Учир нь хүүхдүүд маань гарах гарцаа төдийлөн сайн мэддэггүй. Тэдний сэтгэлзүйн байдал хамгийн түрүүнд өөртөө итгэх итгэлгүй болгодог. Энэ нь бүх насны жингийн илүүдэлтэй хүмүүст илэрдэг. Өөртөө итгэлгүй байдал гэдэг бол сэтгэл зүйн хүрээний хамгийн том хүчин зүйлүүдийн нэг. Энэ нь өөрийгөө тусгаарлах, өөрийгөө хэн ч биш хэмээн үнэгүйдүүлэх маш муу талтай. Гэнэт биш ч гэсэн, аажим аажмаар өөрийгөө найз нөхдөөсөө холдуулах, тусгаарлах, ямар нэг байдлаар хичээх, оролдлого хийхээс зайлсхийдэг. Энэ нь нийгмээс өөрийгөө тусгаарлаад байгаагийн л шинж. Насанд хүрэгчдэд бол энэ нь хамт олонгүй болох, өөрийгөө үнэлэхгүй байх, бусдад хандаж байгаа хандлага нь сөрөг болдог, бүхий л зүйлийг сөрөг талаас хардаг шинж тэмдэгүүд илэрдэг. Ийм байдал нь удаан хугацаагаар үргэлжилбэл стрессээс давж, депрессд орох өндөр магадлалтай. Үүнийг сэтгэл гутрал гэдэг. Шинж тэмдэг нь дээрхээс илүү хүнд илэрдэг. Депрессд орсон хүний амьдралын хэв маяг бүрэн хэмжээгээр алдагдаж, буруу талруу хандах хандлагатай болдог. Юм идэхдээ ч гэсэн юу ч байсан хамаагүй, цаг наргүй идэх, нийгмийн харилцаагаа бүр зогсонги байдалд оруулах гэх мэтээр. Тэгээд түүнээсээ гарах арга замаа огт хайхгүй, ямар ч гарцгүй юм шиг санаж, улам л доошоо унадаг. Ингэснээр сэтгэлзүйч бид энэ хүмүүсийн уг шалтгааныг нь олж, удаан хугацаагаар ажиллах шаардлагатай болдог.

2.Сэтгэлзүйн хяналтгүйгээр таргалалтыг даван туулж, илүүдэл жингээ хаях боломж бий юу? Ямар нэг оролдлого хийхээсээ өмнө заавал сэтгэлзүйн бэлтгэлээ хангах нь чухал байх уу?

Эхлээд сэтгэлзүйгээ бэлд гэж би хэлнэ. Учир нь ямар нэгэн үйлдэл хийж, үр дүнд хүрэхэд сэтгэлзүй 90-99 хувийг эзлэнэ. Амжилтанд хүрсэн хэн нэгнийг бусад нь жоохон ч гэсэн урамшуулахгүй бол тухайн хүн нугарна, хугарна. Үүнтэй адил өөрөө өөрийгөө урамшуулж, зорилгод хүрэхийн гол учир нь сэтгэлзүйн төлөв байдал. Хүн гэдэг чинь өөрөө урмаар амьдардаг гэдэг шүү дээ. Тиймээс өөрийн оюун ухаанаа бэлдэхийн тулд зайлшгүй сэтгэлзүйгээ бэлдэж, дотоод сэтгэлээ чагнах нь чухал. Ингэснээр амжилтанд хүрэхийн тулд жижиг саад бэрхшээлийг ч даван туулахад туслана.

3.Хүн таргалсаныхаа хэрээр идэж, цаашлаад үргэлж иддэг болдог гэдэг. Энэ нь үнэхээр бие организмийн өөрчлөлт үү? Эсвэл зүгээр сэтгэлзүйн тэнцвэргүй байдалд орж байгаагийн илрэл юм уу?

Бие организм өөрчлөгдөх нь гарцаагүй. Аливаа юм чинь хэрээс хэтэрхээрээ муу зуршил болдог. Тэгвэл өөрийн блансийг барьж тэнцвэртэй байдлыг хадгалах нь чухал. Манайхан “за өнөөдөр идье, маргаашнаас дэглэмдээ оръё” гэх мэтээр өөрийн зорилгоо хойш нь тавих нь элбэг. Бид биендээ яаж хандана, яг тэр нь дасал болдог. Хэрэв та идээд л байвал, цааш нь идсээр л байна. Энэ нь аажимдаа таргалах үндэс суурь. Өөрөөр хэлбэл чиний хэлж байгаа шиг таргалах тусмаа иднэ л гэсэн үг. Ингэхээр өөрөө өөртөө яаж хандахаа тухайн хүн өөрөө л шийдвэрлэнэ гэсэн үг.

4.Сүүлийн үед хүмүүс цагаан хоолтон болох нь элбэгшиж байна. Харин Монголчуудын бие организм махан хоолондоо дасан зохицсон байдаг гэж ихэнхи хүмүүс үздэг. Тэгэхээр цагаан хоолны дэглэм барьж эхлэхэд хүнээс маш их тэвчээр шаардаж, сэтгэл зүйд нөлөөлөх зүйл байдаг уу?

Энэ бол тухайн хүний шийдвэр боловч өөрөө өөрийгөө сайн сонсох нь чухал. Орчин үеийн залуусын нэг болж байгаа нь энэ гээд бусдыг даган дуурайж болохгүй. Гэхдээ би Монгол хүн гээд учиргүй махаар хооллох ч буруу. Хамгийн гол нь өөрийгөө сонсож, зүрх сэтгэл нь үнэхээр хүсч байгаа тэр зүйлийг л сонгох нь чухал. Өөр хэн нэгэнд үр дүнгээ өгсөний төлөө даган дуурайж, өөрийн бие организм болоод сэтгэлзүйдээ хүнд дарамт учруулж болохгүй. Нэг тийшээ туйлширч огт болохгүй.

5.Хүн тураах бэлдмэл хэрэглэж байхдаа сэтгэл дагаад тураад байгаа мэдрэмж төрдөг. Тэгвэл яг түүн шиг сэтгэлзүйгээ өөрөө бэлдэхийн тулд яах ёстой вэ?

Хүмүүс их идчээд түүнийгээ шингээхийн тулд элдэв эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнийхээ оронд өөртөө хэрэгтэй хоол хүнсийг зөв цагт нь хэрэглээд, зөв шингээж яагаад болохгүй гэж. Тэгээд түүндээ сэтгэл хангалуун байж, эхнээсээ л өөрийгөө зөв хэв маягт дасгах нь чухал. Үүний үр дүнд хүний сэтгэл зүй болоод, бие организм зөв хандлагатай болно.

6.Тарган хүүхдийн сэтгэлзүйд эцэг эх нь хэрхэн анхаарал хандуулах нь чухал байдаг вэ? Насанд хүрсэн хүнээс, хүүхэд сэтгэл зүйгээ бэлдэж чадахгүй тохиолдол элбэг гэж та хэлсэн шүү дээ.

Хүүхдийн сэтгэлзүй гэдэг бол их хүнд, Сэтгэлзүйчээс нарийн мэргэшил шаарддаг. Хэрэв таны хүүхэд илүүдэл жинтэй, та хүүхэддээ ямар нэг хэмжээгээр тусалж чадахгүй байна гэж өөрийгөө үнэлж байгаа бол мэргэжлийн хүмүүст хандах хамгийн чухал. Хүүхдийн эмч таны хүүхдийн биеийн онцлог, шинж чанар, стандартуудыг хэлж өгнө. Хүүхэддээ энэ тухайгаа сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Эмч дээр очихоос гадна, та хүүхдийнхээ хооллолт болоод түүний хэв маягт тодорхой хэмжээгээр нөлөөлөх гэж байгаа бол хүүхэдтэйгээ заавал ярилцаарай. Магадгүй дуртай хоол нь хүүхдийг тань таргалуулах үндэс суурь болоод байгаа бол түүнийгээ сайн зөв зүйтэй ойлгуулах нь чухал. Эмч дээр очихоор төлөвлөхдөө ч гэсэн “Өнөөдөр хоёулаа эмч дээр очно. Учир нь ингэх ёстой, ийм шалтгааны улмаас очих шаардлагатай боллоо” гэх мэтээр. Хүүхдийг багаас нь, хэдэн ч настай байсан, ярилцах ур чадварт сургах нь чухал. Мөн сэтгэлзүйн хувьд хүүхдийг урамшуул. Та хүүхэддээ чихэр идсэнээр таргалуулаад байна гэдгийг зөв ойлгуулж чадсанаар магадгүй хүүхэд чихрээ багасгаж, идэхгүй өнгөрөөснөө таньд гайхуулна. Үүнийг нь та урамшуулах хэрэгтэй. Урамшуулахдаа зүгээр л “сайн байна” гээд өнгөрөх биш, тухайн үйл явдлыг дахин давтан хэлж урамшуул. “Миний хүүхэд өөртөө анхаарал хандуулаад энэ удаа чихэр идээгүй байна гэдэг маш том алхам, зөв шийдвэр гаргасан байна, дараагийн удаа дахин ийм шийдвэр гаргаснаар илүү үр дүнд хүрнэ, ээж нь их баяртай байна, хүүхдээрээ их бахархаж байна” гэх мэтээр зөв харьц.

7.Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлзүй ихээр өөрчлөгддөг. Таргалалт ч явагддаг. Энэ үед хэрхэн анхаарах нь чухал вэ? Ялангуяа аавууд маань энэ тал дээр яаж анхаарах хэрэгтэй вэ?

Бид эхлээд гэр бүл төлөвлөлтийг сайтар хийж, өөрийгөө хамтын амьдралд сургах ёстой байдаг. Эмэгтэй хүн ч гэсэн жирэмсний үеийн өөрчлөлтүүдийг урьдчилж мэдсэн байх шаардлагатай байдаг ч төдийлөн сургалтанд хамрагдаад байх нь ховор. Гэхдээ тодорхой хэмжээнд судалж өөрийгөө бэлдэж байж, тэр үеийн хүнд сэтгэл гутралыг давах хэрэгтэй. Нөхрүүд ч мөн адил үүн дээр анхаарал болгоомжтой хандан, өөрийн үр хүүхдийг төрүүлэхээр зүтгэж байгаа эхнэрүүдээ хамгийн ихээр хайрла. Гэхдээ жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүд маань зарим тохиолдолд өөрийнхөө байгаа байдалд сэтгэл гутарч, бусдыг даган дуурайх хандлага илэрдэг. Энэ нь хувь хүний бие организмийн шинж чанар байтал бусдыг хэт даган дуурайснаар сэтгэлзүйн хүнд цохилтонд орох тохиолдол бий.

8.Энэ бүхний эцэст, сэтгэлзүйн хямрал гутрал болоод өөртөө итгэлгүй байдлаас хамгийн энгийнээр гарах гарцыг ярилцлагынхаа төгсгөлд дурьдах нь зүйтэй болов уу?

Заавал өөртөө итгэлгүй байдлаа даван гарах хэрэгтэй. Үүний тулд гэртээ толинд өөрийгөө хараад суухын оронд өөр нэг шинэ содон зүйлийг хийж эхэл. Өөртөө хэрэгтэй, өөрөө дуртай зүйлийг хоббигоо болгон цагийг үр дүнтэй өнгөрөө. Ямар нэг спортоор хичээллэх, дасгал иог хийх нь хүртэл хүний сэтгэлзүйд маш их тайвшралыг авчирдаг. Хамгийн гол нь өөдрөг байх хандлагыг өөртөө бий болгох нь чухал. Гэхдээ үүнийгээ нэг өглөө босоод л шууд өөрчлөгдөж байгаа нь энэ гээд амьдралын хэмнэлээ хэт өөрчлөх ёсгүй. Алхам алхамаар, бага багаар оролдож, өөрчилсөөр нэг л өдөр та бүгдийг чадсан байх болно. Мөн гэр бүлийнхэндээ, ойр дотны найзууддаа цаг гаргаж, сэтгэл санаагаа тайван жаргалтай байлгах хэрэгтэй. Өдөрт 10-15 минутыг л өөртөө зориулан цаг гаргаж, хүссэн зүйлээ хийж яагаад болохгүй гэж. Өөрчлөгдөж байгаа нь энэ гээд өглөө эрт босож нойроо хасах хэрэггүй. Нойр сайтай байх нь сэтгэл гутралыг даван туулах бас нэг арга. Насанд хүрсэн хүн 7-8 цаг заавал унтаж, эрүүл чийрэг байхын төлөө зөв хөдөлмөрлөх ёстой. Бас нэг чухал өөрчлөлт бол хувийн амьдрал, ажил 2-оо ялгах хэрэгтэй байдаг. Ажлын ачааллаа тэнцвэржүүл, ямар нэг сөрөг бодлуудаа эерэгээр цэнэглэж бай. Энэ бүхэн чинь л өөрчлөлт. Тэрнээс заавал сэтэлзүйч дээр очоод зөвлөгөө аваад байх шаардлагагүй. Энгийн нэг бүлгийн уулзалт, эмэгтэйчүүдийн группын уулзалт зэрэг нь хүнд их үр өгөөж өгдөг. Бусадтай ярилцаж бусдын туршлагаас өөртөө хэрэгтэйг нь сонгож, өөрийгөө хөгжүүлэх нь чухал шүү дээ.

Цаг гарган хэрэгтэй зөвлөгөө өгч, ярилцсан таньд баярлалаа.

 

 

 

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Жүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсан
МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,294,304 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 1