Бид Гааль, татварын Ерөнхий газрын Орлогын газрын (ГТЕГ) Татварын улсын байцаагчаас НӨАТ-ын урамшуулалтай холбоотой иргэдийн түгээмэл асуултуудад хариулт авлаа.
1. www.ebarimt.mn цахим хуудсанд хэрхэн бүртгүүлэх вэ?
- Та цахим татварын системд бүртгүүлэхдээ “хувь хүн” гэсэн хэсгийн бүртгүүлэх товч дээр дарж, цахим шуудан буюу и-мэйл хаягаараа системд бүртгүүлнэ.
- Хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн цахим шууданруу системд нэвтрэх код, нууц үгийг тус тус илгээх болно. Та цахим шуудангаа шалгаж баталгаажуулах хобоос дээр дарж бүртгэлээ идэвхжүүлээрэй.
- Өөрийн нэвтрэх эрхээр орсны дараа “баримт бүртгүүлэх” хэсэгт цуглуулсан баримтууд дээрх сугалааны дугаарыг нийт үнийн дүнгийн /НӨАТ орсон дүн/ хамт бичиж бүртгүүлнэ.
- Иргэн та төлбөрийн баримтаа 90 хоногийн дотор www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх боломжтой.
2. НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Иргэн бүр худалдан авалт хийх болгондоо татварын албаны нэгдсэн системээс гарсан 2 үсэгтэй, 8 оронтой тоотой код бүхий баримтыг заавал шаардан авах хэрэгтэй. Баримт хэвлэж өгөхгүй байгаа борлуулагчийн талаар мэдээллийг татварын албанд заавал мэдүүлэх шаардлагатай.
3. Баримтаа заавал бүртгүүлэх шаардлагатай юу? Тохирлоос өмнө бүртгүүлээгүй бол яах вэ?
- Иргэд e-barimt цахим хуудсанд худалдан авалтын баримтаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Сугалааны тохирлыг нэгдсэн системээс олгосон бүх баримтын дугаараар явуулах учир сугалааны тохирол явуулахаас өмнө заавал шивсэн байхыг шаардахгүй. Харин сугалаа хожсон бол нэгдсэн системд заавал бүртгүүлэн, баталгаажуулалт хийлгэснээр тохирлоо авах боломжтой болно.
4. Сугалаанд хожсон тохиолдолд баримтаа хэрхэн баталгаажуулах вэ? Татварын албан бигээр хүсэлт өгөх шаардлагатай юу?
- Батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д зааснаар 500,000 төгрөгөөс дээш тохирол хожсон тохиолдолд нийслэлд бол ГТЕГ-ын 405 тоотод, орон нутагт бол харъяалагдах татварын албанд биеэр очин бүртгүүлэх шаардлагатай. Бусад хонжворын хувьд e-barimt цахим хуудсанд нэр, дансны дугаараа зөв бүртгүүлсэн бол шууд бүртгэлтэй дансанд нь хонжворын мөнгө олгогдоно. Уг хонжвор нь ХХОАТ-ын хуулиар татвараас чөлөөлөгдөх учир аливаа суутгал хийгдэхгүй.
5. Баримтаа хадгалах шаардлагатай юу?
- Иргэд худалдан авалтын баримтаа хадгалах шаардлага үүснэ. Учир нь Сангийн сайдын 2015 оны 333 тоот тушаалаар батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д зааснаар 500,000 төгрөгөөс дээш тохирол хожсон тохиолдолд үндсэн баримтаа заавал авч ирж баталгаажуулалт хийх шаардлагатай. Мөн аливаа маргаан үүсэх үед үндсэн баримтыг шаардана. Энэ байдал нь иргэдийг санхүүгийн эмх цэгцтэй байдалд сургах бас нэгэн зорилготой юм.
6. Азтан болсоноо хэрхэн мэдэх вэ?
- Азтан болсон үед e-barimt цахим хуудсанд таны бүртгүүлсэн цахим хаягаар мэдэгдэл ирнэ. Азтан бүрийг олон нийтэд мэдээллэх нь хувь хүний нууцтай холбоотой учир бидэнд тэднийг мэдээллэх эрх байхгүй. Харин сугалааны тохирол бүрт азтан болсон хүмүүсийн тоон болон хонжворын нийт дүнгийн мэдээллийг бид өөрсдийн “НӨАТ-ын урамшууллын систем” Facebook page-ээрээ болон олон нийтийн хэрэгслээр мэдээллэж байгаа.
7. Шагналаа хэрхэн авах вэ? Хэд хоногийн дотор олгох вэ?
- Сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд уг сугалааны тохирлыг олгоно. 500,000 төгрөгөөс доош хэмжээний хонжворыг e-barimt цахим хуудсанд бүртгэгдсэн таны дансанд мэдээлэл нь үнэн зөв баталгаажсан тохиолдолд шууд олгоно. Эхний сугалааны тохирлын 160 азтан мөнгөө аваад эхэлсэн байгаа.
8. Өөр бусад юуг анхаарах вэ?
- Иргэд худалдан авалтын баримтаа заавал e-barimt цахим хуудсанд бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр сугалаанд оролцох болон НӨАТ төлөгчөөс худалдан авсан дүнгээсээ жилийн эцэст НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой болно.
9. Ямар нэгэн асуудал, үл ойлгогдох зүйл гарвал хэнд, хаана хандаж мэдээлэл, тодруулга авч болох вэ?
- Асуух зүйл байвал 1800-1288 болон 326388 утсаар мэдээллийг авах боломжтой.
10. НӨАТ-ын урамшуулалын систем нь иргэдэд болон ААН-үүдэд ямар давуу талуудыг бий болгож байгаа вэ?
- НӨАТ-ын урамшууллын систем нь иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, өөрийн зардлыг тооцох, сугалаанд оролцоход сургана. Мөн далд эдийн засгийн ил болгох, иргэн бүрд тэгш шударгаар хандах нийгмийн хандлагыг төлөвшүүлнэ.
11. Энэхүү систем хэрэгжиж эхэлснээр иргэд бараа бүтээгдэхүүнээ урьдныхаасаа өндөр үнээр авч байгаад сэтгэл хангалуун бус хандлагатай байгаа. Энэ тал дээр тайлбар өгнө үү.
- НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр зарим бизнес эрхлэгчид үнээ нэмэгдүүлэх хандлага гаргаж байгаа нь хууль бус юм. Энэ талаар татварын албанд мэдээлэх боломжтой.
12. Дараах зүйлсийг анхаараарай!
- Та төлбөрийн баримтаа татварын системд бүртгүүлээгүй бол өөр хэн нэгэн ашиглахаас болгоомжил.
- Олон нийтийн сошиал дээр баримтын зургаа постлох гэж байгаа бол QR код болон сугалааны дугаараа нууцлахыг анхааруулж байна.
- Yahoo и-мэйлээр бүртгүүлж байгаа иргэд SPAM хавтсаа шалгана уу.
Иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Бэлтгэсэн: Үүлхэн