“Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн иргэддээ хүрсээр байгаа. Нэгэн үеэ бодвол бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн хэрээр Монгол брэнд бүтээгдэхүүнүүд ч өөр өөрийн онцлог давуу талтайгаар үйлдвэрлэгдсээр байна. Тэдний нэг “Шидэт цаас” юм. Нэр нь хүртэл анхаарал татахуйц уг бүтээгдэхүүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бид “Хүннү Молл”-ыг зорьлоо. Танд ч бас таалагдана гэдэгт бид итгэл төгс байгаа учир та ч бас “Хүннү Молл” болон “Мишээл экспо” төвүүдэд болж буй үзэсгэлэн яармагийг зорин очиж сонголтоо хийгээрэй. Ингээд “ТНБТ” ХХК-ийн менежер Н.Зулаагийн ярилцлагыг хүргэж байна.
“Шидэт цаас”-ны хэрэглээг бидэнд танилцуулаач. Танай компани анх хэзээ байгуулагдав? Энэ бизнесийг эхлүүлэх санааг хэрхэн гаргаж байсан бэ?
Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж байна. Энэ цаас нь Япон улсаас үүсэлтэй. Анх ах маань Малайзад сурч байхдаа энэ санааг олж харан, Монгол бичиг, каллиграф бичихэд боломжтой гэж санаачлан Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Цаас гэх боловч түүхий эд нь окспорт даавуугаар хийдэг. Тухайн даавуундаа технологийн дагуу ямар нэг хорт бодисны хольцгүйгээр түрхлэг хийн үйлдвэрлэдэг. Зөвхөн ус ашиглан бийрээр энэхүү цаасан дээр хүссэн зүйлээ бичиж, зурах бүхий л боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа. Бичсэн зүйл нь 2-5 минутын дараа арилна. Яг л бэхээр бичиж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Шидэт цаасны зориулалт болоод давуу талыг онцолбол?
Энэхүү цаас нь 3-аас дээш бүх насны хүмүүст зориулагдсан. Монгол бичиг сурч байгаа, сурахыг хүсдэг болон каллиграф бичих сонирхолтой хүмүүс дадлага хийхдээ ашиглах, сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд зурах, бичих авьяас чадвараа дээшлүүлэх, эмээ өвөө нар маань цагийг зугаатай өнгөрөөх гээд зурж бичих бүхий л зүйлд ашиглах боломжтой. Зарим тохиолдолд манай бичгийн хүмүүс ноорог хэлбэрээр их ашигладаг. Бичээд арилахаас нь өмнө утсан дээрээ зургийг нь дараад тэрийгээ хараад юмаа хийх гэх мэтээр. “Шидэт цаас” нь хүмүүст олон олон цаасыг үр ашиггүй ашиглан хаяхгүй, бага насны хүүхдүүд бал бэхтэйгээ холилдож бохирдохгүй, бичгийн дасгал сургуулилт хийхэд тохиромжтой зэрэг олон олон давуу талтай юм.
Хэрэглэхэд анхаарах зүйлс гэж байгаа юу?
Хурц ирмэг гаргаж нугалахгүй байх, мөн бэх үзэг бусад бичгийн хэрэгслээр бичихгүй байхыг анхааруулдаг. Зарим нэг санаандгүй тохиолдолоор дээрх зөрчлийг гаргавал цэвэрлэх нэг арга бий. Энэ нь бидний сайн мэдэх аяга угаадаг хамгийн зөөлөн үстэй порлоныг барааны савангаар бага зэрэг савандаж байгаад угаавал арилна.
Эдэлгээний хувьд хэр удаан үргэлжлэх вэ? Өөрөөр хэлбэл хадгалах хугацаа гэж бий юу?
Тийм зүйл байхгүй. Дээр хэлсэн гэмтэлийг л сайн анхаарч чадвал насан туршийн хэрэглээ болно. Энэхүү бүтээгдэхүүн нь олон дахин ашиглагдах тул цаасанд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн юм.
Үндсэн гурван хэмжээгээр үйлдвэрлэгддэг гэсэн. Дэлгэрэнгүй тайлбарлавал. Мөн хүмүүс өөрийн хүссэн хэмжээтэй захиалвал үйлдвэрлэгдэх боломж бий юу?
46*35 см, 46*70 см , 46*150 см гэсэн 3 төрлийн хэмжээтэй үйлдвэрлэж байгаа. Хэмжээний өөрчлөлттэй захиалга ирдэг. Бид тоног төхөөрөмжиндөө тохируулан захиалагчтай ярилцаж үйлдвэрлэж байгаа.
Цаашдаа цаасны загвар технологид хэрхэн өөрчлөлт оруулахаар ажиллаж байна вэ? Ямарваа нэг зүйл өсөн дэвждэг шүү дээ.
Тэгэлгүй яахав. Бид илүү ихийг хийж ажиллахаар төлөвлөж байгаа. Монгол бичиг бичдэг нуруу буюу зураасыг бид цаасан дээрээ хэвлэхээр төлөвлөсөн байгаа. Мөн цаашлаад монгол бичиг, зураг зэргийг маш бүдэг хэвлэж, дээр нь даган дуурайж зурах боломжтойгоор хэвлэхээр санаачлан ажиллаж байна.
0-3 насныханд хориглосон гэсэн. Яагаад? Ямар нэг хорт бодис ялгарч нярай хүүхдэд нөлөөлөх магадлалтай юм уу?
Гурваас доош насныханд хориглож байгаа. Гэхдээ химийн хорт бодис ч юмуу ямар нэг эрүүл мэндийн сөрөг нөлөө огт байхгүй. Бийр маань өөрөө урт нарийн савхан учраас хүүхэд өөрөө гэмтэх аюултай, мөн урж тасдах магадлалтай гэдэг үүднээс бид хориглосон. Түүнээс ээж аавынхаа хараа хяналтан дор хүүхэд сонирхож үзэхэд ямар ч хор нөлөө байхгүй.
Үзэсгэлэн цагаан сарын өмнөхөн бууна. Үзэсгэлэн дээр очиж чадаагүй хэрэглэгчид маань “Шидэт цаас”-ыг хаанаас, хэдэн төгрөгөөр авч болох вэ?
Бид “Шидэт цаас” гэсэн facebook пэйж хуудсаараа дамжуулан хамгийн их борлуулалтыг хийж байна. Интерном худалдааны төв дээр мөн зарагдаж байгаа. Гэхдээ бид борлуулалтаа хувьчлан тооцдог учраас үзэсгэлэн дээр зарагдаж байгаагаас бага зэрэг нэмэлттэй үнээр зарагддаг. Мөн 5-аас дээш захиалсан тохиолдолд бид үнэгүй хүргэж өгдөг.
Ярилцсанд баярлалаа.