Нэг ном 300-хан төгрөг

2016-02-24  

Сүүлийн үед залуус ном уншдаггүй гэх. Харин хариуд нь “Унших зүйлээ интернэтээс уншихдаг. Тэгээд ч тэр номын сан чинь хүрэлцэхгүй байна” гэх залуус ч бий. Тэгвэл номын сангаар үйлчлүүлэх залуусын идэвхи хэр байгааг сурвалжлахаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд очлоо. Номын сангийн үүдэнд “Даваагаас бямба гариг хүртэл ажиллана. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гаригт дотоод ажилтай тул нийтэд үйлчлэхгүй” гэх цагийн хувиар байрлуулсан байлаа. Мөн дүүргүүдэд салбарлан ажилладаг нийтийн номын сангуудынхаа утсыг ч тавьсан байна. Тодруулбал, Д.Нацагдоржийн номын сан нь Чингэлтэй, Хан Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд салбартай бөгөөд тус дүүргийн иргэд хүсвэл тэндээ үйлчлүүлэх боломжтой аж. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй 

Д.Нацагдоржийн номын сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжийг хангаж ажилладаг болох нь үүдээр ороход мэдрэгдэж байлаа. Тэр нь тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат байсан юм. Түүнчлэн номын санчийн хэлж байгаагаар 2004 оноос хойш хараагүй иргэдэд зориулсан тусгай уншлагын танхимыг бий болгожээ. Мөн тус уншлагын танхимаа 2010 онд олон улсын жишгээр сонсдог студио болгон тохижуулсан байна. Түүнчлэн үйлчилгээний тарифаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг аж. Харин огт үнэмлэх нээлгэж байгаагүй хүмүүсийн хувьд иргэний үнэмлэх 5000 төгрөгтэй ирж бүртгүүлэх бөгөөд бүтэн жил үйлчлүүлэх боломжтой. Үнэндээ 5000 төгрөгт багтаан худалдаад авчих ном хүртэл ховордсон цагт боломжийн үнэ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагч сурагчийн үнэмлэхээ 3000 төгрөгтэй авчирч уншигчийн карт нээлгэх бөгөөд сунгалтаа 1000 төгрөгөөр хийлгэх юм байна.

Өөртөө үйлчлэх номын сан

Нэгэнт бүртгүүлчихсэн тул хувцсаа өлгүүрт өгөөд цааш нэвтрэн орлоо. Номын сангийн архивыг үндсэн хоёр танхимд хуваан байршуулсан бөгөөд уншигч өөртөө үйлчлэх дэлгүүрт орсон юм шиг эгнүүлэн өрсөн номон дундуур явж, өөрт хэрэгтэй номоо аваад унших боломжтой аж. Та номын сангаар үйлчлүүлж байсан бол тэр үнэрийг мэднэ. Яг л тэр үнэр урдаас угтан авлаа. Бүгдийг нь барьж аваад уншчихмаар, шунал хөдөлгөм хэдэн мянган номтой эгнээ, хажуугаар нь сонгон авснаа шимтэн унших уншигчид. Уншлагын танхим ерөнхийдөө чимээгүй. Хааяа нэг уншиж буй зүйлийнхээ талаар шивнэлдэх залуусын чимээ цаанаа л нэг танил. Шинэ номын хэсгийг очиж сонирхлоо. 2015 оны номоор нэлээд баяжиж. Харин он гараад хоёр сар өнгөрчихсөн байхад 2016 оны ном арай л харагдсангүй. Учир нь номын сангийн шинэ номны төсөв жилд дөрвөн сая төгрөг байдаг аж. Энэ нь уншигчдийн хүссэн номнуудыг авахад хаанаа ч хүрдэггүй байна. Номын сангийн тухай хуульд зааснаар тухайн номын сан салбаруудаасаа гадна үндсэн номын фонд бүрдүүлэх ёстой хэмээн заасан байдаг гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын номын сан үндсэн фондоо бүрдүүлж чадахгүй байдалд хүрсэн байна. Яагаад гэхээр жилд төсөвлөсөн мөнгө нь нэг номноос олон тоогоор авахаар хүрэлцдэггүй аж. Тиймээс зарим салбартаа ганц хоёроор нь авч өгдөг байна.

Компьютэр бүр эзэнтэй

Гэвч номын сангийн номны хувьд чамлаад байх зүйл байсангүй. Өөрөөр хэлбэл энд бүх төрлийн номууд байв. “Номын хуудсыг эргүүлэн, гараараа барьж, үнэрийг нь мэдрэн унших нь интернэтийн өгч чаддаггүй өөр мэдрэмж, өөр хүмүүжил өгдгийг олон залууст мэдрүүлмээр” гэх үгс өөрийн эрхгүй толгойд буув. Үнэхээр номын сан гэгч нь “сууж сурахыг”, төвлөрөхийг, бусдад саад болохгүй байхыг, сурах ёстой зүйл, мэдэх мэдлэг их байгааг ойлгуулдаг. Номын сангийн мэдээллийн ажилтан “Бид энгийн үед өдөрт 300-400 хүнд үйлчилдэг. Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь оюутан залуус байдаг” гэв. Үүдний хэсэгт интернэтэд холбогдсон компьютерууд эгнүүлэн тавьжээ. Арваад компьютер бүгд эзэнтэй. Уншигч өдөр бүр нэг цагийн хугацаанд энд үйлчлүүлэх боломжтой. Интернэт ашиглах энэ боломжийг бяцхан жаалууд эзэлжээ. Зарим нь фэйсбүүк нээжээ. Өөр хоёр нь хошин шог үзэж буй бололтой, тэрүүхэн тэндээ инээнэ, бас өөр хоёр нь ямар нэг зүйлийн талаар мэдээлэл хайна. Мөн нэг жаал “кэндикраш” тоглоомоор ширүүхэн үзэж суув. Мэдээллийн ажилтны хэлснээр бол зарим нэг “хориотой сайт” руу орохыг блоклочихсон байгаа гэнэ. Хуучин хуулийн ангийнхны суудаг дээд давхрын танхимд “хүүхдийн уншлага” оржээ. Сонирхвол, ширээнүүд бүгдээрээ шахуу сул байв. Шалтгаан нь тэнд суух уншигчдын ихэнх нь доод танхимд өдрийн интернэтийн эрхээ ашиглаж буйтай холбоотой. 

Нэг ном 300 төгрөг

Номын санд сонирхол татах нэг танхим бий. Тэр нь Америкийн соёл, мэдээллийн төв. Номын сантай хийсэн санамж бичгийн хүрээнд 2004 онд анх нээгдэж байсан гэдэг. Энэ төв нь олон ч залуучуудад англи хэл сурахад, гадаад ертөнцтэй холбогдоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Интернэт үйлчилгээ, видео уулзалт, онлайн сургалт, кино үзвэр, хэлний чадвар сайжруулах ярилцлага гээд олон боломжийг тэд санал болгодог. Мэдээж эдгээр боломжийг номын санд ирсэн хүмүүс л эдэлнэ. Ингээд номын сангаас гарахдаа гэрээр ном олгох үйлчилгээг нь сонирхлоо. Хамгийн хямд унаа болох тралейбусанд суух тасалбарын үнээр энэ үйлчилгээг авч болох аж. Номын санд сууж үйлчлүүлэх боломжгүй, сонгосон номоо гэртээ авч уншихыг хүсвэл нэг номонд өдрийн 300 төгрөг төлнө. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Хотын хамгийн том нийтийн номын сангаар зочлоод гарахдаа “Ном уншихыг хүсэх л юм бол номын сан хүрэлцээтэй байгаа юм байна” гэдгийг анзаарч харлаа. Үнэхээр хүсэх л юм бол номын сан таны өмнө нээлттэй байна. Зөвхөн өөрийн мэддэг номын сангуудаа нэрлэвэл, Улсын номын сан, хотын номын сан, дүүргийн номын сан, Хүүхдийн номын ордон, Тусгаар тогтнолын ордонд байрлах номын сан, сургуулиудын номын сан гээд үргэлжлүүлнэ. Хэрэв хүсэх л юм бол, хөөцөлдөөд явбал аль ч номын сангийн уншигч байх бүрэн боломжтой гэж бодохоор “Залууст номын сан алга” гэж хэлж боломгүй байв. 

Н.Баасандэмбэрэл



Сэтгэгдэл

Сувдаа:Үнэхээр сайхан нийтлэл байна. Өөрийн эрхгүй ном унших хүсэл төрж байна. 2016-02-28     202.9.41.91
Tsengel:Bainga l ochdog uilchluuleed 5 jil bolj bna taalagddg 2016-02-28     103.26.193.3
tuya:hn bdg we 2016-02-28     103.229.121.222
а.барсүм:энэ номын сан нь хаан байдаг юм бол 2016-02-29     103.10.22.41
sonirhogch:ene salbaruud ni yg haana haana baidag yum bol oo? 2016-02-29     188.168.155.179
Нандиа:Циркийн зүүн талд байдаг 2016-03-01     202.21.96.162
Нандиа:Циркийн зүүн талд байдаг 2016-03-01     202.21.96.162
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,950 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2