"ОК” буюу “окей” гэсэн үг өчигдөр 175 нас хүрлээ. Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа англи хэлний үгсийг бүртгэдэг “Global Language Monitor” байгууллагын гаргасан мэдээнээс үзвэл “ОК” нь дэлхий дээр хамгийн өргөн тархсан, хамгийн олон хүн хүлээн зөвшөөрч ашигладаг үг ажээ. Энэ үгийг анх 1839 оны гуравдугаар сарын 23-нд тухайн үедээ Америкийн хамгийн алдартай сонинуудын нэг байсан Бостон хотын “The Boston Morning Post” сонинд албан ёсоор хэвлэгдэн гарч байв. “ОК” гэсэн үг хэрхэн үүссэн талаар маш олон янзын хувилбар байдаг. Тухайлбал, XIX зууны сүүлээр Америкт хүний анхаарал татахуйц элдэв товчлол моодонд ороход Бостоны сонины сэтгүүлч нар “all correct” буюу бүх зүйл зөв гэдгийн ярианы хувилбар болох “oll korreсt” гэж өөрчилснийг товчлон “ОК” гэж бичих болжээ.