Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүх рүү шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Түүнийг 10 аймгийн төвийн дулааны станц барих Монгол-Солонгосын хамтарсан төслийн явцад, ажлын гүйцэтгэл муутай байсан зөвлөх үйлчилгээний "Грийн Энержи Интернэйшнл" ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэж үзэж байгаа аж. Тодруулбал, тэрээр нэр бүхий хүмүүстэй хамтран тус компанийн гэрээг сунгаж, санхүүжилтийг нь 2.6 сая ам.доллар буюу 7 тэрбум төгрөгөөр нэмсэн гэх хэрэгт холбогдоод байгаа юм.
Эрчим хүчний салбарт удирдах албан тушаал (ТӨХК-ийн захирал, Сайд, Төрийн нарийн бичгийн дарга) хашиж байсан Н.Тавинбэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон, хахууль өгсөн болон авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна. Үйлдлүүдийг хашсан албан тушаалаар нь ангилбал:
1. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн үйлдлүүд:
- Хамаарал бүхий компанид давуу байдал олгосон, хахууль өгсөн хэрэг: Өөрийн хамаарал бүхий “Багануур-Энерги” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон. Мөн тус компаниар ажил гүйцэтгүүлэхийн тулд Дорноговь аймгийн Цахилгаан түгээх салбарын дарга Д.Ч-д 110 сая төгрөгийн хахууль өгөхийг амласан, улмаар “Мегатек Манюфактуринг Монгол” ХХК-ийн захирал О.Амгаландад зуучлагчаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон (Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.5.2).
- Тендерийн хууль бус үйлдэл: Тус компаниас 2019 онд зарласан зөөврийн ажлын байр нийлүүлэх тендерийн ажлыг өөрөө болон өөрийн хамаарал бүхий “Багануур-Энерги” ХХК-иар гүйцэтгүүлж, 34.6 сая төгрөгийн давуу байдал үүсгэж компанид хохирол учруулсан (Эрүүгийн хуулийн 22.1.1).
- Хахууль авсан хэрэг: Бодлогын хэлтсийн дарга Д.М-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг баталж, санхүүжилтийг нь гаргуулах ашиг сонирхлын үүднээс “РЗА” ХХК-тай байгуулсан гэрээг баталгаажуулж, улмаар гэрээний санхүүжилт болох 43.8 сая гаруй төгрөгийг олгосны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан.
2. Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үеийн үйлдэл:
- Сайдын зөвлөхөөр томилохын тулд хахууль авсан хэрэг: П.Товуудоржийг эрчим хүчний сайдын зөвлөхөөр томилох албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн данснаас өөрийн хамаарал бүхий этгээд Л.З-ын дансаар дамжуулан 18 сая төгрөгийн хахууль авсан (Эрүүгийн хуулийн 22.4.5).
3. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн үйлдлүүд:
- Хувийн эзэмшлийн газартаа хашаа барихын тулд улсын эд хөрөнгийг үнэгүй авсан хэрэг: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайханд үүрэг өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байрлах өөрийн эзэмшлийн 500 га газрын 400 га-г хашаалах зорилгоор 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 10.9 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй, актлагдсан трубануудыг ТӨХК-ийн ачааны машинаар зөөвөрлөн авч, өөртөө давуу байдал бий болгосон (Эрүүгийн хуулийн 22.1.3).
- Жолоочоо хууль бусаар цалинжуулж, ТӨХК-иудад хохирол учруулсан хэрэг (2 үйлдэл):
- “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК: Тус компанийн захирал Б.Бат-Эрдэнэтэй үгсэн тохиролцож, өөрийн жолооч Н.Мөнхбаясгаланг тус станцын Цахилгаан цехийн монтёроор томилуулан, ажил хийлгэхгүйгээр зөвхөн цалинжуулах хууль бус үүрэг өгсөн. Үүний улмаас жолооч нь үндэслэлгүйгээр 24.5 сая гаруй төгрөгийн цалин, урамшуулал авч компанид хохирол учруулсан (Эрүүгийн хуулийн 22.1.3).
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК: Дээрхтэй ижил аргаар тус компанийн захирал Р.Дагданд хууль бус үүрэг өгч, жолооч Н.Мөнхбаясгаланг Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёроор томилуулсан. Жолооч нь ажилдаа огт ирээгүй атлаа 25.7 сая гаруй төгрөгийн цалин авч төрд хохирол учруулсан (Эрүүгийн хуулийн 22.1.3).
Эдгээр үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Хахууль авах), 22.5 (Хахууль өгөх) дүгээр зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж байна .
-П.ТОВУУДОРЖ, Б.НЯМАА НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН УУ-
Прокуророос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан гэх мэдээллийн мөрөөр холбогдох эх сурвалжаас тодруулахад Б.Нямаа, П.Товуудорж нарт холбогдох хэргийг тусгаарлан гадаадын байгууллагаас хэрэгт холбогдолтой мэдээллийг хүссэн. Үүнтэй холбоотой хэрэг бүхлээрээ цаг хугацааны хувьд сунжрах байсан тул П.Товуудорж, Б.Нямаа нарын хэргийг тусгаардлан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ.





