• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БНХАУ цахим орчинд хөрөнгө чинээгээ гайхуулах явдлыг хязгаарлаж байна

БНХАУ цахим орчинд хөрөнгө чинээгээ гайхуулах явдлыг хязгаарлаж байна

БНХАУ-ын эрх баригчид олон нийтийн сүлжээнд бэл бэнчин, хэт тансаг амьдралаа гайхуулах үйлдэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна. Үүний улмаас өөрсдийн чинээлэг амьдралын хэв маягийг сурталчилж олонд танигдсан хэд хэдэн нөлөөлөгчдийн цахим хуудас устгагдсан талаар “NBC News” агентлаг мэдээллээ.

Тухайлбал, Бээжин хотод долоон үл хөдлөх хөрөнгөтэй, хамгийн багадаа 10 сая юань ($1.38 сая ам.доллар)-ын үнэ бүхий хувцас хэрэглэл өмсдөг хэмээн сайрхдаг байсан нөлөөлөгч Ван Хонгкуан (Wang Hongquan)-ы контентууд хяналтад өртжээ. Түүний цахим хуудсаар харуулдаг байсан үнэтэй спорт автомашинууд, олон тооны Hermès брэндийн цүнх, гэрийн үйлчлэгч нарын тухай бичлэгүүд ийнхүү шалгагдах үндэслэл болсон байна.

An online influencer in China who owns seven properties worth US$110 million and only goes out wearing clothing and jewellery worth more than US$1.4 million, has stunned social media with the sheer extent of his wealth. Photo: SCMP composite/Douyin/Bilibili

Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны байдлаар Вангийн 4.3 сая дагагчтай “Douyin” (Хятад дахь TikTok хувилбар) хаягт нэвтрэх боломжгүй болжээ. Тус хаяг руу хандахад “Douyin-ийн олон нийтийн удирдамжийг зөрчсөн тул хаав” гэсэн алдааны мэдэгдэл гарч байна. Мөн үүнтэй ижил төстэй агуулга бүхий контент бүтээдэг Бо Гонзи (2.9 сая дагагчтай), Баою Жяжэ (2.3 сая дагагчтай) нарын хаягийг хаажээ.

Энэхүү арга хэмжээ нь тус улсын интернэт зохицуулах дээд байгууллага болох Хятадын Кибер орон зайн захиргаанаас өнгөрсөн сард эхлүүлсэн тусгай аяны үргэлжлэл юм. Уг аян нь дагагч болон хандалт авах зорилгоор мөнгөнд суурилсан тансаг амьдралыг санаатайгаар сурталчилж, “хөрөнгө чинээгээ гайхуулсан” дүр төрхийг зориудаар бүрдүүлдэг нөлөөлөгчдийг хазаарлахад чиглэж байна.

Хятадын эрх баригчид нийгмийн сөрөг чиг хандлагыг хязгаарлах зорилгоор цахим орчныг зохицуулж буй анхны тохиолдол энэ биш юм. 2022 онд шууд дамжуулалт (livestream) хийгчдийг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг хөрөнгийг сурталчлах, харуулахыг хориглосон “Ёс зүйн дүрэм”-ийг баталж байжээ.

Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн сааралт нь Хятадын дундаж давхаргын ирээдүйдээ итгэх итгэлийг сулруулж байна. Ялангуяа залуучуудын хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөөн туйлдаа хүрсэн тул зарим нь нийгмийн амьдралаас хөндийрөх эсвэл цахим контент бүтээхийг цорын ганц орлогын эх үүсвэр гэж үзэх болжээ.

“Хүмүүс өөрсдийн амьдралдаа сэтгэл дундуур байх үедээ цахим орчноос бодит байдлаас тасарсан аз жаргал, эд хөрөнгийг харахаар сэтгэл зүйн гажуудал үүсдэг” гэж “Douyin” дээр сая гаруй дагагчтай байсан гоо сайхны нөлөөлөгч асан Лайла Лай тайлбарлав. Тэрээр борлуулалтын тактик болон амьдралын хэв маягаасаа болж шүүмжлүүлсний улмаас тус платформыг орхисон байна. Лай үргэлжлүүлэн, “Залуу үеийнхэн ийм агуулгатай зүйлсийг хэт их үзэж, боловсролдоо анхаарахаа болихоос гадна материаллаг, шунахай үзэлд автаж байгаад санаа зовж байсан. Алсын хугацаандаа энэ нь улс орны хөгжилд сөрөг нөлөөтэй тул энэхүү цэвэрлэгээ зайлшгүй шаардлагатай байсан” гэлээ.

Одоо Австралид амьдарч буй тэрээр “Гэхдээ асуудлын гол нь эдийн засгаа тэлж, хөгжүүлэх явдал юм. Хүмүүс зөвхөн интернетээс сэтгэл зүйн тайтгарал хайх бус, бодит амьдралаасаа илүү их сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрдэг болох хэрэгтэй” хэмээн нэмж дурджээ.