• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ОБЕГ-ын "нууцлаг" гүйлгээнүүд: Аврагчдын олсноос массажны сандал хүртэл...

ОБЕГ-ын "нууцлаг" гүйлгээнүүд: Аврагчдын олсноос массажны сандал хүртэл...

Newsroom.mn  Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын шилэн дансны мэдээллийг шүүж, аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмж худалдан авалтын түүхийг нягталлаа.

ОБЕГ-ын шилэн дансыг уудалж үзвэл, Зэвсэгт хүчний 303 дугаар анги руу удаа дараагийн үйлдлээр "Тусгай үүргийн нислэгийн төлбөр" хэмээн дараах гүйлгээнүүдийг хийсэн байна. Үүнд:

  • 22,802,000 төгрөг

  • 45,019,334 төгрөг

  • 40,692,800 төгрөг

  • 18,592,400 төгрөг

  • 30,285,734 төгрөг зэрэг үлэмж хэмжээний мөнгөн дүнгүүд харагдаж байна.

https://shilendans.gov.mn/organization/51737?ry=2025&group=117&rfor=100161&rf=1116&rm=6
https://shilendans.gov.mn/organization/51737?ry=2025&group=117&rfor=100161&rf=1116&rm=6

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг нь бүлэг болон 20 гаруй хүнийг тээвэрлэх хүчин чадалтай тул томоохон хэмжээний ой хээрийн түймэр, гамшиг ослын үед тусгай үүргийн зориулалтаар ашиглагддаг байна. Тэгвэл үүнээс гадна сүүлийн жилүүдэд ОБЕГ-т ямар худалдан авалтууд хийгдсэнийг 2023, 2024, 2025 оны шилэн данснаас шүүвэл:

Өндрөөс болон газрын гүнээс аврах тоног төхөөрөмж хаана байна вэ?

Онцгой байдлын алба өндрөөс аврах хэрэгслийн сургалтын багаж хэрэгслийг 17 сая 640 мянган төгрөгөөр Даймонд стар ХХК-аас худалдан авчээ. Тухайн компанийг нээлттэй өгөгдлийн сангаас шүүж үзэхэд аяллын тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ. Мөн 12 сая төгрөгөөр аврах ажиллагааны олсыг Бараа.мн ХХК-аас авсан байна. Мөн нээлттэй өгөгдлийн сангаас шүүж үзэхэд онлайн худалдаа,талх нарийн боов, мэдээлэл технологийн г.м үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг гэжээ.

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх 1.6 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулав? Шадар сайдын зүгээс Гамшгаас урьдчилан сэргийлэх, сурталчлах үйл ажиллагаанд зориулж 1,600,899,000 (1.6 тэрбум) төгрөгийг зарцуулах эрхийг ОБЕГ-ын даргад өгсөн баримт байна. Уг хөрөнгийг задалж харвал, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сайтууд руу нэг удаагийн гүйлгээгээр 10 саяас 19.7 сая хүртэлх төгрөгийг "Мэдээ мэдээлэл бэлтгэх, түгээх гэрээний дагуу" шилжүүлсэн байна. Нийтдээ 177,000,000 төгрөгийг хэвлэлүүдэд хуваарилжээ. Гэвч яг ямар агуулгатай контент бэлтгэсэн нь шилэн дансан дээр тодорхойгүй байна.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Хэвлэл мэдээлэлд мөнгө өгч сурталчилгаа хийлгэх нь чухал биш. Аливаа гамшиг тохиолдсоны дараа биш, болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ маш чухал. Үүнд нийт хөрөнгийн 5 хүрэхгүй, бүр 3 хувь нь ч хүрэхгүй мөнгө зарцуулагдаж байна" гэв.

Тэрбум гаруй төгрөгийн автомашины худалдан авалт ОБЕГ нь "УАЗ мөнх" ХХК-тай байгуулсан гэрээгээр 14 ширхэг УАЗ автомашиныг 1,008,000,000 (1 тэрбум 8 сая) төгрөгөөр худалдан авсан байна. Үүнээс гадна дараах автомашинуудыг авчээ:

  • Nissan Navara AT (3 ширхэг): 537,000,000 төгрөг

  • Nissan Navara MT (2 ширхэг): 338,000,000 төгрөг

  • Hyundai Staria (2 ширхэг): 312,000,000 төгрөг

  • Kia Bongo K2700 (5 ширхэг): 441,000,000 төгрөг

Мөн ухаалаг дэлгэц худалдан авахад 19,500,000 төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нэрээр "Массажны сандал, дуслын сандал, хэт улаан туяаны аппарат" зэргийг олноор нь авсан үйлдлүүд шилэн дансанд бүртгэгджээ.

Гэвч аврах ажиллагаанд хамгийн чухал шаардлагатай байгаа дронууд болон бусад тусгай зориулалтын багаж хэрэгслүүдийг худалдан авсан тухай нарийвчилсан мэдээлэл шилэн дансанд дутмаг байна.