Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн нэгэн чухал алхмыг талууд хийлээ. “УБТЗ” ХНН-ийн 1-р орлогч дарга О.А.Казаков болон Олон улсын Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.А.Жастин нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичгийн үндсэн зорилго нь зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн хөгжлийг тууштай дэмжихэд оршиж байгаа юм.
Талууд санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай нягт хамтран ажиллахаар төлөвлөжээ. Говийн бүсийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд тулгардаг гол бэрхшээл болох төмөр замын дагуух хориг хашааг амьтдад ээлтэй шинэ стандартаар солих ажил ийнхүү эхэлж байна.
Тодруулбал, зарим хэсгүүдийн хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй MNS7042:2024 стандартын дагуу шинэчлэн засахаар болжээ. Мөн зөвхөн хашааг шинэчлээд зогсохгүй, амьтдын шилжилт хөдөлгөөнд үзүүлэх үр нөлөөг нь тогтмол хянаж, нарийвчилсан мониторинг хийх юм.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хоёр талын албаны төлөөлөгчид байлцаж, цаашдын хамтын ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэллээ. Дэд бүтцийн хөгжил болон байгаль хамгааллын тэнцвэрийг хангасан энэхүү төсөл нь говийн экосистемийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах хүлээлттэй байна.





