• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улаанбаатарт “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” бүс нутгийн хурал эхэллээ

Улаанбаатарт “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” бүс нутгийн хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Энх тайван, хүний эрхийн хэлтэс болон Монгол Улсын Их Сургууль (МУИС) хамтран “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” сэдэвт бүс нутгийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Ардчиллын тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, иргэдийн оролцоо болон нийгмийн аюулгүй байдлын харилцан хамаарлыг бүс нутгийн бодлогын түвшинд хэлэлцэх тус арга хэмжээг анх Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа санаачилж байсан түүхтэй.

Иргэдийн оролцоо ба хариуцлагатай засаглал

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр үг хэлэв. Тэрбээр дэлхий дахинд ардчиллын чанар, төрийн институцийн чадавх, улс төрийн туйлшрал тулгамдсан асуудал болж буй өнөө цагт бүс нутгийн хамтын ажиллагаа, бодлогын нээлттэй яриа хэлэлцээ нэн чухал болохыг онцоллоо.

"Ардчиллын бат бөх байдал нь зөвхөн төрийн институцээс бус, хууль хүн бүрд тэгш үйлчлэх нөхцөл, хариуцлагатай засаглал, иргэдийн идэвхтэй оролцооноос шууд хамаардаг." — Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх

Тус хурал нь 2025 онд эхлүүлсэн “Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт анхдугаар хурлын үргэлжлэл бөгөөд бүс нутгийн улс орнуудын туршлага, судалгаанд тулгуурласан шийдлийг эрэлхийлж байгаагаараа онцлог юм.

Ардчиллын сорилтууд ба бүс нуггийн шийдэл

Хурлын хүрээнд ардчилсан тогтолцоонд нөлөөлж буй дотоод, гадаад хүчин зүйлс, Үндсэн хуулийн институцүүдийн үүрэг, хүний эрх, хууль дээдлэх ёсны уялдаа холбоог олон улсын нэр хүндтэй судлаачдын түвшинд авч үзэж байна. Хуралд дараах олон улсын зочид илтгэл хэлэлцүүлнэ:

  • Ким Жонг Вон (БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан) – Үндсэн хуулийн институцүүдийн гүйцэтгэх үүрэг

  • Киёотэру Цүцүй (Стэнфордын их сургуулийн профессор) – Хүний эрх болон ардчиллын харилцан хамаарлын олон улсын жишээ

  • Стивен Фиш (Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор) – Ардчиллын чанар болон институцийн хөгжлийн харьцуулсан судалгаа

  • Шон Мүллер (Бернийн их сургуулийн ахлах судлаач) – Орон нутгийн өөрөө удирдах ёс болон Швейцарын туршлага

Цахим орчин ба улс төрийн туйлшрал

Мөн “Ардчилал ба иргэдийн оролцоо” салбар хэлэлцүүлгээр иргэдийг бодлого боловсруулах үйл явцад бодитой оролцуулах механизм, зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэлэлцэх юм. Энэ хэсэгт профессор Жеймс С. Фишкин, ЭЗХАБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож, шилдэг туршлагуудаасаа хуваалцана.

Үүнээс гадна “Улс төрийн туйлшрал ба Ази тив” сэдвийн хүрээнд нийгмийн талцал, популизм, цахим орчин болон мэдээллийн экосистемийн өөрчлөлтийн талаар Шри Ланка, Бангладеш, Япон, Индонез зэрэг улсын төлөөлөгчид, түүний дотор Индонез улсын Худалдааны сайд асан Гита Виржаван тэргүүтэй эрдэмтэн, бодлого боловсруулагчид туршлага солилцож байна.

Энэхүү бүс нутгийн хурал нь ардчиллын нийтлэг сорилтуудыг хамтран шийдвэрлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр бөгөөд хууль дээдлэх ёс, хариуцлагатай төр, идэвхтэй иргэн нь ардчиллын дархлаа, аюулгүй нийгмийн үндэс болохыг дахин нотолж байна.