• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайг чөлөөлж, шарил нүүлгэх ажил энэ сарын 26-нд эхэлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 9.6 га талбайг чөлөөлж, шарил нүүлгэх ажил энэ сарын 26-нд эхэлнэ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Самбалхүндэв (Далан давхар) хаалттай оршуулгын газрын 9.6 га талбайг хэсэгчлэн чөлөөлөх, шарил нүүлгэн шилжүүлэх ажил 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Энэхүү ажил нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу хэрэгжиж байгаа юм. Ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог, нийт 73.9 га талбайтай тус оршуулгын газрын энэ удаагийн газар чөлөөлөлтийн бүсэд хамаарах шарилуудыг бүртгэлжүүлэх, тооллого хийх ажил бүрэн дуусжээ.

Ар гэр, төрөл төрөгсдийн анхааралд:

Иймд талийгаачдын ар гэр, төрөл төрөгсөд бурхан болоочийнхоо шарил газар чөлөөлөлтийн бүсэд хамаарсан эсэхийг шалгуулж, булш, бунхныг таньж баталгаажуулах, байршлыг тогтоолгох шаардлагатайг албаныхан мэдээллээ.

Санамж: Шаардлагатай тохиолдолд тухайн шарилын байршлыг уртраг, өргөргийн нарийвчилсан координатаар тодорхойлон иргэдэд мэдээлэх боломж бүрдээд байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлөлт, шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм болон уламжлалт зан заншлын дагуу үе шаттайгаар зохион байгуулна.

  • Иргэдийн санал: Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзан үзнэ.

  • Холбоо тогтоогоогүй тохиолдолд: Мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй бол холбогдох зан үйлийн дагуу чандарлаж, Баргилт цэцэрлэгт хүрээлэн дэх "Хүндэтгэлийн суварга"-д залах юм.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь 24 цагийн харуул хамгаалалт, камерын хяналтын системтэй бөгөөд талийгаачийн ар гэр, ойр дотныхон нь хүссэн үедээ очиж дурсгалыг нь хүндэтгэх боломжтой ажээ.