БНХАУ-ын Ханжоу хотын дунд шатны шүүхээс компаниуд зардлаа хэмнэх зорилгоор ажилтнуудаа хиймэл оюун ухаанаар (AI) орлуулахын тулд ажлаас нь халж болохгүй гэсэн түүхэн шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Жоу хэмээх ажилтан 2022 онд тус хотын нэгэн технологийн компанид хэлний загваруудыг (LLM) хянах менежерээр ажилд оржээ. Гэвч тус компани түүний гүйцэтгэдэг ажил үүргийг хиймэл оюун ухаан хийх бүрэн боломжтой гэж үзээд, албан тушаалыг нь бууруулж цалинг нь 40 хувиар хасах санал тавьжээ. Ажилтан энэхүү өөрчлөлтийг зөвшөөрөөгүй тул компани түүнийг ажлаас нь халсан байна. Улмаар тэрээр шүүхэд ханджээ. Шүүхээс түүнийг ажлаас халсан шийдвэрийг хууль бус гэж үзсэн бөгөөд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх нь бизнесийн шинэчлэл хэдий ч ажилтнуудад зохих саналыг тавилгүйгээр гэрээг цуцлах ёсгүй гэж мэдэгджээ. Улмаар БНХАУ-ын шүүх компани нь түүнийг хиймэл оюун ухаанаар (AI) орлуулсан ажилтны талд шийдвэр гаргаж, 28,000 гаруй фунт стерлингийн (ойролцоогоор 260,000 юань) нөхөн олговор олгохоор болжээ.
Энэхүү шийдвэр нь ажил олгогчид хүний хөдөлмөрийг автоматжуулалтаар шууд орлуулахын оронд дахин сургалтад хамруулах эсвэл боломжит өөр ажлын байраар хангах зэрэг нийгмийн хариуцлагаа хүлээх ёстойг харуулсан жишээ болжээ. Тус хэрэг нь, ялангуяа залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа энэ үед Хятад улс хиймэл оюун ухааныг идэвхтэй нэвтрүүлэх үйл явцыг ажлын байрны баталгаатай хэрхэн тэнцвэржүүлж болохын жишээ болж олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд уг шийдвэрийг “Автоматжуулалтын эрин үед хөдөлмөрлөх эрхийг хамгаалах хүчин чармайлтад итгэл найдвар төрүүлсэн дохио өглөө” хэмээн онцлон мэдээлж байна.
Ханжоугийн энэхүү хэрэг нь хиймэл оюун ухаанаас болж ажлаа алдсан ажилчдын талд эрх баригчид шийдвэр гаргасан анхны тохиолдол биш юм. Бээжин хотын захиргаанаас өнгөрсөн жил нэгэн арбитрын хэргийн дэлгэрэнгүйг нийтэлж байсан бөгөөд үүнд нэгэн компани өгөгдөл цуглуулах гараар хийх ажил удирдан 15 жил ажилласан эмэгтэйг ажлаас нь халсан байжээ. Тус компани автоматжуулсан өгөгдөл цуглуулах хэрэгсэл түүний ажлыг хийх боломжтой гэж үзсэн байна. Арбитрын хорооноос тус компанийг өөрийн бизнесийн загвартаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх эрхтэй боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэл болохгүй гэж шийдвэрлэжээ.





