• Нүүр
  • Мэдээний өрөө
  • О.Уламсайхан: Кино хийж байгаа талаар анх мэдээлсний дараа саатуулж шалгасан

О.Уламсайхан: Кино хийж байгаа талаар анх мэдээлсний дараа саатуулж шалгасан

“Ноорог медиа”-ийн бүтээсэн “18 хоног” сонгуулийн боловсрол олгох баримтат киноны нээлт өчигдөр буюу энэ сарын 18-нд Тэнгис кино театрт боллоо.

Тус кино нь 2024 оны УИХ-ын сонгуулийг сонгогчдын нүдээр харах боломжийг үзэгчдэд олгож, баримтжуулснаараа онцлог юм. Таван өөр газар амьдардаг таван дүрээр дамжуулан сонгуулийн сурталчилгааны 18 хоногт юу болж өнгөрсөн гэдгийг тус бүтээл харуулдаг.

Энэхүү баримтат кино нийт 90 орчим сая төгрөгийн өртгөөр бүтжээ. Тус төсөвт өртгийн гуравны нэг буюу 32.8 сая төгрөгийг 130 орчим иргэний хандиваар бүрдүүлжээ.

“18 хоног” баримтат нээлтийн үеэр уран бүтээлчид бүтээлийг хийх явцад тулгарсан асуудлын талаар хуваалцлаа.

Тодруулбал, тус киноны продюсер, “Ноорог медиа”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан

 “2025 оны гуравдугаар сарын 18-нд сонгуулийн тухай баримтат кино хийж байгаа талаар анхны ярилцлага цацагдсан. Тус ярилцлагаас хэдхэн хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, нэгжлэг хийсэн. Улмаар бид хэвлэлийн бага хурал хийсний дараа олон нийтийн сүлжээгээр гүтгэлэг, доромжлол, дарамт шахалттай тулгарсан.

Мөн хууль бусаар саатуулагдаж байх хугацаанд өөрсдийн хийгээгүй зүйлийг хийсэн гэж хэлэхийг шаардах зэрэг дарамт ирж байсан” хэмээн дурдсан юм.

 Үргэлжлүүлэн тэрээр “Энэ киног үзсэн хүмүүс сонгууль гэж юу болохыг зөвхөн өөрийн өнцгөөс бус хот, хөдөө орон нутаг, гадаадад амьдарч буй иргэд, залуус, ахмадуудын нүдээр олон талаас нь хараасай гэж хүссэн. Мөн бид яагаад олон удаагийн сонгуульд оролцсон хэр нь ижил алдаагаа давтсаар байгааг эргэцүүлэн бодоосой гэсэн зорилгоор энэхүү баримтат киног манай багийн залуус бүтээсэн. “Ноорог”-ийн үзэгч, хандивлагч нар байсан учраас бид энэ киног хийх урам зоригтой болсон юм шүү” гэлээ.

Уг кино нь Skymedia, Voo, Motv, болон бусад IPTV-нүүдээр хүлээн авч үзэх боломжтой.