Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ оны зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хугацаанд нийслэл хотын хэмжээнд хур бороо элбэг, ахиу орох төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна. Олон жил дараалан орсон усархаг борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламж, дэд бүтцийн 70 хувь нь элэгдэж, эвдэрсэн нөхцөл байдалтай байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Уг нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ) болон холбогдох албаныхан үерийн эрсдэлтэй бүсүүдэд урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Үерийн ам амсар дээрх 1917 айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүс, усны голдирол дагуу зөвшөөрөлгүй буусан 1,917 айл өрх байна. Эдгээр өрхүүдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, амь насыг нь хамгаалах үүднээс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.
Борооны ус зайлуулах сүлжээг 8.2 км-ээр нэмэгдүүлнэ
Хотын усыг зайлуулах, замын эвдрэл болон үерээс сэргийлэх ажлын хүрээнд 2026 онд багтаан 16 байршилд нийт 8.2 км урттай борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Хотын дарга Б.Пүрэвдагва харьяа байгууллагын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө:
"Нийслэлийн хэмжээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг дор бүрнээ сайтар хангах шаардлагатай байна. Үерийн хамгаалалтын далан байгууламжийн бэхэлгээг чанаржуулах, борооны ус зайлуулах шугамын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй, шахуу хуваариар гүйцэтгэ."
Иргэдэд хүргэх сэрэмжлүүлэг:
-
Үерийн эрсдэлтэй бүс, далан суваг, шуудууны ойролцоо гэр, байшингаа барихгүй байх.
-
Цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч, усархаг бороотой өдрүүдэд сонор сэрэмжтэй байх.
-
Байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн талбайн ус зайлуулах сувгийн цэвэрлэгээг хийж, бэлэн байдлыг хангахыг уриалж байна.





