• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. 

Энэ үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван малчны зээл болон хөдөө аж ахуйн салбарт олгогдож буй зээлийн талаар танилцууллаа. 

Тэрбээр "Малчдын хөдөлмөрийг бодит баялаг болгон хувиргаж, тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх нь банк, санхүүгийн салбарын чухал зорилт гэж Монголбанк үздэг. Энэ хүрээнд арилжааны 10 банктай хамтран малчдад санхүү үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

2025 оны байдлаар 122,838 ширхэг зээл олгогдсон. Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 412 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол 2025 онд нийтдээ 867 тэрбум төгрөгийн зээл олгогдсон.

Малчны зээлийн дундаж хүү 22.2 хувьтай байгаа. Энэ нь хэрэглээний зээлийн дундаж хүүнээс 4.4 нэгж хувиар өндөр, бизнесийн зээлээс 5.9 хувиар өндөр байгаа юм.
2024-2025 онд хоршооны гишүүн малчдад Шинэ хороо хөдөлгөөний зээл олгогдсон. Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 166 дугаар тогоолоор Шинэ хоршоо өрнүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нэг их наяд төгрөгийн зээл олгох тогтоол гарсан. Зээлийн үндсэн хүү 18 хувь боловч Засгийн газар 12 хувийн хүүгийн татаас төлж, малчин өөрөө зургаан хувийн зээлийг төлж байгаа. Нэг зээлдэгчид 50 сая төгрөг хүртэлх зээл олгосон.
2024 онд 684.5 тэрбум төгрөгийн зээлийг 20,214 малчин өрх авсан бол бол 2025 онд 210 тэрбум төгрөгийн зээлийг 6,223 малчин өрх авсан. Нийт 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ. 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 758.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 26,270 малчин өрх байна.
 
Малчдын зээлийн чанар харьцангуй сайн байгаатай холбогдуулан цаашид зээлийн хүү буурах боломжтой гэдгийг Төв банк арилжааны банкнуудтай харилцан ярилцаж, бодлогын тохируулга хийж явна" гэв.