• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БУСАНД 7, ИНЧОНД 12 ЭМНЭЛЭГ МОНГОЛ АЯЛАГЧДАД ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

БУСАНД 7, ИНЧОНД 12 ЭМНЭЛЭГ МОНГОЛ АЯЛАГЧДАД ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

УЛААНБААТАР хот. БНСУ-ын Элчин сайдын яам, Солонгосын аялал жуулчлалын төрийн өмчит корпораци (KTO) болон Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) хамтран Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан "Korea Tourism Media Briefing & Networking Event" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Ким Ван Сү, KOICA Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Жо Хэн Нан, Жэжү эйр (Jeju Air) компанийн Улаанбаатар дахь салбарын захирал Ким Мин Сог болон Бусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлаг, Инчон Аялал Жуулчлалын Байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Нислэгийн тоог нэмэгдүүлэх, визний үйлчилгээг боловсронгуй болгох хүлээлт

Арга хэмжээг нээж БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон хэлсэн үгэндээ, өнгөрсөн онд Монгол Улсаас 170 гаруй мянган иргэн БНСУ-ыг зорьсон бол тус улсаас Монголд ирсэн жуулчдын тоо 190 мянга давж, хоёр талын иргэдийн солилцоо бат бөх гүүр болон хөгжиж байгааг онцлов. Түүнчлэн сүүлийн үед Инчон–Улаанбаатар чиглэлийн нислэгийн суудал дүүрч, билет олдохгүй байх, үнэ ханш өсөх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хоёр талын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог нэмэгдүүлэх яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг дуулгалаа.

Визний тухайд материал шалгах хугацаа хоёр долоо хоног орчим болж богиноссон ч цаашид бүрдүүлэх бичиг баримтын дамжлагыг цөөлөх, илүү боловсронгуй, соёлтой үйлчилгээ үзүүлэхэд Элчин сайдын яамны зүгээс тусгайлан анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

K-Heal·Air: Санхүүгийн ачааллыг бууруулах Эрүүл мэндийн шинэ аялал

Дэлхий дахинд шатахууны үнэ өсөж, аяллын зардал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд аялагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор KTO-оос хэрэгжүүлж буй K-Heal·Air хөтөлбөрийг энэ үеэр танилцууллаа. Уг төсөл нь "Jeju Air" компанийн Бусан, Инчон чиглэлийн нислэгтэй уялдуулан эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой аж.

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Бусан хотын 7 эмнэлэг, 4 аяллын газар;
  • Инчон хотын 12 эмнэлэг төрөл бүрийн үзлэг, эмчилгээний хөнгөлөлт үзүүлэхээс гадна шаардлага хангасан үйлчлүүлэгчдэд Инчон хотын нэг өдрийн үнэ төлбөргүй аяллыг санал болгож байна.
  • Энэхүү хөтөлбөр нь зөвхөн эмчилгээ гэлтгүй амралт, алжаал тайлах (Wellness соёл), арьс арчилгаа, гоо сайхан, уламжлалт анагаах ухаан болон урьдчилан сэргийлэх энгийн оношилгоог аяллын үзвэрүүдтэй хослуулснаараа давуу талтай юм.

Хөгжлийн албан ёсны тусламж ба Салбарын түншлэл

Уулзалтаар KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны төслүүд, ялангуяа орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудаа танилцууллаа.