• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өрхийн эмнэлгээр дамжаагүй бол 20 мянган төгрөгийн нэмэлт төлбөр төлнө

Өрхийн эмнэлгээр дамжаагүй бол 20 мянган төгрөгийн нэмэлт төлбөр төлнө

Эрүүл мэндийн салбарт өмнө нь хэрэгжиж байсан тусламж, үйлчилгээний шатлалтай тогтолцоог ахин сэргээж, энэ оны зургаадугаар сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн (ЭМДҮЗ) долоодугаар тогтоолын дагуу иргэд эрүүл мэндийн тусламж авахдаа хамгийн түрүүнд харьяа өрхийн эмнэлэгтээ үзүүлэх шаардлагатай болж байна.

Илгээх бичиггүй бол нэмэлт төлбөртэй

Шинэ зохицуулалтаар иргэн өрхийн эмчийн үзлэгт орж, шаардлагатай гэж үзвэл хуучнаар 13А маягт буюу илгээх бичгийг авах ёстой. Хэрэв өрхийн эмнэлгийн илгээх бичиггүйгээр шууд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хандвал 20,000 төгрөгийн нэмэлт төлбөр төлөхөөр болжээ. Үүнээс гадна иргэд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавьж байна.

Яаралтай тусламжид хамаарахгүй

Уг зохицуулалт нь эмнэлгүүдийн хэт ачааллыг бууруулах, анхан шатны буюу өрхийн эмнэлгүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх зорилготой аж. Түүнчлэн осол гэмтэл, яаралтай мэс засал зэрэг амь насанд аюултай, яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгийг алгасаж, шууд дараагийн шатны эмнэлэгт хандах боломж нээлттэй хэвээр байна.

Иргэдийн шүүмжлэл ба албаны тайлбар

Шатлалт тогтолцоог ахин нэвтрүүлсэн нь иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Иргэдийн зүгээс "Шат дамжлага ихсэж, чирэгдэл учруулж байна", "Энэ нь эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй тусламж авч чадахгүйд хүргэж байна" хэмээн дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.

Өөрчлөлттэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас мэдээлэл авах байсан ч одоогоор албан ёсны тайлбар, тодруулга өгөөгүй байна.