Баян-Өлгий аймаг 110 гаруй мянган хүн амтай. Хүн амын 90 хувь нь казах. Үлдсэн 10 хувь нь бага ястнууд буюу Урианхай, Дөрвөд, Тува ястнууд эзэлдэг. Нийт хүн амын 42 хувь нь хүүхэд. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 38,5 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт суралцжээ. Аймгийн төвд 10 орчим Ерөнхий Боловсролын Сургууль бий. Үүнээс хүүхдүүдийн доторх 10 хувийг л эзлэх урианхай, дөрвөд, тува ястны хүүхдүүд сурах боломжтой цор ганц ЕБС байдаг нь II сургууль юм. Гэтэл тус сургуулийн яг цонхон доор нь хашаалж хувь хүн барилга барихаар зэхэж байна. Нэг үгээр хэлбэл аймгийн төвд байрлах ганц Монгол сургуулийн газрыг өмнөх Аймгийн удирдлагууд хууль бус шийдвэр гарган нэгэндээ өгчээ.
Тухайн газар олгосон асуудлыг цагдаа, прокурор, шүүх байгууллагаас хянан үзээд хууль бус газар олголт мөн байна хэмээн үзсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хаагаад байгаа юм.
Үйл явдлыг тодруулан харвал, Цагдаагийн газрын шалгалтаар 2012 онд төрийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан нь албан тушаалын байдлаа ашиглаж тус сургуулийн газар 16,552 м.кв байсныг 552 м.кв-аар багасган, хассан 552 м.кв газрыг өөрийн охин Ш.Маржангүлд төрсөн өдрийн бэлэг болгон өгчээ.
Тус газрыг тухайн үед аймгийн засаг дарга асан С.Хавалын захирамжаар өмчлүүлжээ. Сургуулийн газраас тасалж авсныг 2013 онд тус сургуулийн захирал асан Н.Б мэдсэнээр хууль бусаар алдсан газраа нэхэмжилж шүүхийн байгууллагалд гомдол гаргасан. Гэвч шүүхийн байгууллагад хандах явцдаа бусдын дарамт, нөлөөнд орсон хэмээн гаргасан гомдолоосоо татгалзжээ.
Улмаар тус газрыг Ш.Маржангүл нь 2024 оны иргэн Е-д 350 сая төгрөгөөр худалдсан байна. Худалдан авсан иргэн Е нь тус газрыг өнгөрсөн жилээс хашаалж, том техник хэрэгсэл оруулж барилга барихаар зэхэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд 2725 хүүхэд суралцаж байна. Яг барилга барихаар хашаалсан сургуулийн барилгатай давхцсан хэсэгт 6 настнууд хичээллэдэг бөгөөд тэдний сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.
БӨ аймгийн Өлгий сумын 2-р сургуулийн сурагчид: “Бидний сурах орон зайг битгий булаагаарай. Өнөөдрийн хамгаалсан газар маргаашийн хүүхдүүдийн аз жаргал байх болно”, “Сургуулийн талбай бол худалдан авах талбай биш. Хүүхдүүд бидний ирээдүйг бүтээх орон зай юм" хэмээн үзэл бодлоо илэрхийлээд байна.
С.Шүхирханы хувьд 2012 онд улсын өмч хөрөнгийн тооллого зохион байгуулагдсан. Тэр үед сургуулийн эд хөрөнгийг тоолохдоо С.Шүкирхан нь газрын гэрчилгээг хасуулж тооцуулсан. Тодруулбал 2012 оны тооллогын үеэр сургуулийн газрын гэрчилгээнд 16 га газар гэж байсныг нь тулгаад үлдсэн 552 м.кв газрыг хасаж бүртгээд түүнийг Ш.Маржангүлийн эзэмшил болгосон. 2012 оноос өмнө кадастрын зураг байгаагүй тул координат, хэмжээг нь тэмдэглээгүй байсан. Харин тооллогын дараа кадастрын зураг шинээр гарч, гэрчилгээг шинээр олгосон ба энэ үед Би тухайн газрыг хассан талаар мэдсэн хэмээн сургуулийн нягтлан бодогч Е хэлж байжээ. Тус газрыг өмчилж авсан Ш.Маржангүл нь “Аав маань намайг мэдээгүй байхад тус газрыг авсан ба надад төрсөн өдрийн бэлэг хэмээн бэлэглэсэн” гэж мэдүүлэгтээ дурдсан байдаг аж.
Харин Аймгийн Засаг дарга асан С. Хавал нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалт, 5.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.3 дахь заалтыг зөрчиж кадастрын зураггүй, сургуулийн биеийн тамирын зориулалтай, бодит эзэмшил бүхий газрыг Ш.Маржангүлд өмчлүүлсэн, Өлгий сумын Засаг дарга өргөн мэдүүлээгүй байхад С.Хавал шууд шийдвэр гаргасан гэдгийг Аймгийн Прокурорын байгууллагын дүгнэлтэд дурджээ. Мөн өмчлүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байжээ. Газрын албаар огт дамжаагүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан талаар газрын кадастр, геодези зураг зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Н гэрчилсэн байдаг.
БӨ аймгийн Өлгий сумын 2-р сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч М.Цэнд-Аюуш: Өнгөрсөн жилийн өдийд сургууль амарсан үеэр сургуулийн газрыг хашаалж, газар ухаж байна гэсний дагуу бид яарч сандран гүйж ирсэн. Энэ үед аль хэдийнээ экскаватор орчихсон. Нэлээн хэдэн шанагаар хэд хэдэн газар ухаж, сэндийчсэн байсан. Бид малтаж байсан нүх рүү нь шууд үсэрч орсон. Улмаар Цагдаад мэдэгдсэн. Учир нь тус газрын асуудал маргаантай байгаа учраас шүүхийн эцсийн шийдвэр гартал үл ажиллагааг зогсоож өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Тус хашаалсан хэсэг сургуулийн хоёр ангийн цонхийг бүхэлдээ хааж байгаа. Энэ хэсэг газрыг өмчилж авсан. Яг тухайн хэсэг манай сургуулийн зургаан настнууд хичээллэдэг. Шороо тоосжилт, нар хаах зэрэг олон асуудал үүсэж хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ гэсэн байр суурьтай байна.
Сургуулийн багш нар С.Хавал Засаг даргаар ажиллаж байх үедээ гаргасан хууль бус шийдвэрийг цуцалж өгнө үү хэмээн одоогийн Засаг дарга Е.Зангарт хандсан. Е.Зангар “Газрын асуудалд хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн талд байна” хэмээн жилийн өмнө ярьж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой хариу өгөөгүй байна. Тус II сургуулийн газрыг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон боловч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан. Шинээр үүссэн нөхцөл байдал бий болсноор сургуулийн зүгээс дахин Захиргааны хэргийн шүүхэд хандахаар бэлтгэж байна. Гэвч тухайн газрыг худалдан авсан гэх иргэн Е багш нарыг хувийн өмчид халдаж, барилга бариулахгүй байна хэмээн багш нарыг цагдаад өгч, шүүхэд ханджээ. Энэ талаар
БӨ аймгийн Өлгий сумын 2-р сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч М.Цэнд-Аюуш: “Одоогийн газрын эзэн Е нь манай сургуулийн 29 багшийг цагдаа, шүүхэд өгсөн. Багш нар хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тухайн газар дээр барилга бариулахгүй гэж тэмцсэнийхээ төлөө шүүх, цагдаад дуудагдаж мэдүүлэг өгч байна. Мөн тэднийг айлган сүрдүүлж, дарамталсан талаар багш нар дурдсан” гэв.

Тус сургуульд эдгээр бага ястнуудын хүүхдүүд сурахаас гадна казах сурагчид ч олноороо суралцдаг билээ. Төрийн түшээд энэ асуудалд дараах байр суурийг илэрхийлж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Тус сургуулийн газрын асуудалтай холбоотой бүрэн мэдээлэл одоогоор байхгүй байна. Энэ асуудалд анхаарал хандуулж шалгана. Намар Баян-Өлгий аймагт хяналт шалгалт явуулна. Энэ үеэр өөрийн биеэр очно.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу : Үндсэн хуулинд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхтэй. Төр нь өөрөө боловсролыг үнэгүй олгоно хэмээн Үндсэн хуулиар заачихсан. Тийм учраас төр нь өөрөө хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах үүрэгтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Эхнээсээ сургуулийн газрыг бүгдийг нь алдчихсан шүү дээ. Сургуулийн хажуу талын биеийн тамирын талбай бүгд орон сууц болсон. Барилга баригдаагүй бол шийдвэрийг буцаах боломжтой. Сонсох ажиллагаагаа хийх ёстой. Газрын хууль тогтоомж зөрсөн эсэх болон Хот төлөвлөлтийн стандартаа харж шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Баян-Өлгий аймагт бүхэлд нь хяналт шалгалт явуулах хэрэгцээ шаардлагатай юм байна гэж харж байгаа. Энэ бол цөөнхийн цөөнх доторх асуудал үүсчихээд байна. Сурч боловсрох эрх бол Үндсэн хуулиар олгогдсон хүний язгуур эрх.
Газрыг хууль бусаар олгосон С.Хавал Баян-Өлгий аймагт амьдардаг. Харин Шүкирхан нас баржээ. Газар олголт хууль бус байгаа ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хаасан нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна.





