• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Г.Эрдэнэтуяа: Өөртөө ирсэн одонтой яг адилхан одон хийлгэж, нөхөртөө бэлэглэсэн юм. Учир нь хань минь долоон хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд хамгийн их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргасан.

Г.Эрдэнэтуяа: Өөртөө ирсэн одонтой яг адилхан одон хийлгэж, нөхөртөө бэлэглэсэн юм. Учир нь хань минь долоон хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд хамгийн их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргасан.

Хан-Уул дүүргийн 10-р хороонд амьдрах Г. Ванчигсүрэнгийн гэр бүл долоон хүүхдийн инээд хөөрөөр бялхсан өнөр өтгөн айл. Тэд өөрсдийн хүч хөдөлмөрөөр хашаандаа цэцэрлэг байгуулж, хиймэл нуур, спортын талбай зэрэг олон төрлийн тохижилт хийжээ. Хүүхдүүдийн гүйлдэж наадах дуу цангинаж, хөдөлмөр бүтээлийн уур амьсгал бүрдсэн энэ гэр бүлийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг талаар гэрийн эзэгтэй Г. Эрдэнэтуяатай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Яриагаа энгийн нэгэн асуултаар эхэлье. Таны өнөөдрийн ажил, амьдрал хэрхэн өрнөж байна вэ?

Сайн байна уу? Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Манай гэрт хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна.

Юун түрүүнд хэлэхэд, өнөөдөр ч гэлтгүй өдөр бүр л завгүй өнгөрдөг дөө. Нөхөр маань бие жаахан чилээрхүү байгаа болохоор одоохондоо ажлынхаа хажуугаар ард үлдсэн хэдэн хүүхдүүддээ илүү санаа тавьж, аль болох гэртээ яаран ирэхийг хичээж байна. Гэхдээ хүүхдүүд маань биеэ даасан болохоор харьцангуй амар байдаг.

Хашаандаа тоглож наадах, салхинд гарах, чөлөөтэй байх бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн болохоор санаа зовох зүйл бага. Гэсэн ч бага насны хүүхдүүд учраас анхаарал тавьж, хааяа нэг “Яаж байна, юу болж байна?” гэж асууж, харж хандахгүй бол болохгүй шүү дээ. (инээв)

-Хашаан доторх тохижилтууд нүд баясгам юм. Яг л амралтын газар шиг харагдаж байна. Хиймэл нуур, гүүр, ургаж буй ногоон мод, тоглох талбай эдгээрийг хэн хийсэн юм бэ?

Энэ бүгдийг миний хань болон хоёр том хүү маань хамтдаа хийсэн. Манай хүн том хөвгүүдээ багаас нь хөдөлмөрт сургаж, ажилд дадлагажуулахыг их чухалчилдаг. Ирээдүйн амьдралд нь хэрэгтэй гэж үздэг болохоор тэр. Тийм ч учраас хашаан доторх бүх тохижилтын ажлыг манай гурав хамтран хийсэн юм.

Хамгийн сүүлд хиймэл нуур байгуулсан. Нуур хийсний дараа гүүр зайлшгүй хэрэгтэй болсон л доо. Тэр үед миний хүү нуурын гүүрийг ганцаараа хийсэн. Үнэхээр бүх сэтгэл, зүтгэлээ шингээж бүтээсэн болохоор маш бат бөх болсон. Харахад ч их сайхан санагддаг.

Ер нь манайх зун болохоор хүний, өөрийн гэлтгүй олон хүүхэд цугларч, яг л цэцэрлэг шиг болчихдог. Нөхөр бид хоёр ч хүүхдүүдийг дуртайяа хүлээж авдаг. Энэ хавь хотын төвөөс жаахан зайдуу болохоор агаар нь арай илүү цэнгэг санагддаг юм. Тийм болохоор заримдаа өөрсдийгөө зуслан эсвэл амралтын газар байгаа мэт мэдэрдэг дээ.

-Таны нөхөр "Алдарт аав" нэг, хоёрдугаар одонтой гэсэн. Та үүний талаар ярьж болох уу?. Тийм одон медаль байдаг гэж үү? `

Миний нөхөр долоон хүүхдээ бараг л өөрийн гараар өсгөж, хүмүүжүүлсэн хүн. Харин би 15 жилийн турш ажиллахдаа хүүхдүүддээ тэр бүр хангалттай цаг гаргаж чаддаггүй байжээ. Одоо эргээд бодоход хүүхдүүдийн минь бага нас ямар их хөөрхөн, нандин байсан юм бэ гэж бодогддог.

Миний том хоёр хүү анх өхөөрдөм жаахан хүүхдүүд байсан бол одоо тэнгэр баганадсан ханагар сайхан эрчүүд болжээ. Ингээд харахаар хүүхдүүд нүд ирмэхийн зуур л өсөж том болчихдог юм байна. Тиймээс том болохоос нь өмнө хамтдаа аль болох олон сайхан дурсамж бүтээхийг хичээдэг болсон.

Одонгийн тухайд гэвэл би өөрөө биш, харин нөхөр маань хүртэх нь илүү зохистой гэж бодсон. Учир нь хань минь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд хамгийн их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргасан. Тиймээс би өөртөө ирсэн одонтой яг адилхан одон хийлгэж, нөхөртөө бэлэглэсэн юм.

Нөхөр маань тэр одонг гардан аваад нулимс унагаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр мөч надад үнэхээр хайр хүрмээр, бас бахархмаар санагдсан даа.

-Та нөхөртэйгөө хэрхэн танилцаж байсан юм бэ? 

Эмэгтэй хүн чинь ер нь дасаж байж дурладаг юм шиг санагддаг. Анх нөхөр маань намайг явж байхад үргэлж араас шүгэлддэг байсан. Би ч эхэндээ огт тоохгүй, юм бодолгүй өнгөрөөдөг байлаа. Гэтэл нэг л мэдэхэд тэр шүгэл нь нүдэнд өртөж, чихэнд сонсогдоод эхэлсэн дээ.

Араасаа шүгэлдүүлсээр байгаад дасчихсан юм болов уу, нэг өдөр өнөөх шүгэлний чимээ сонсогдохгүй болохоор яагаад гарахгүй байна гэж гайхдаг болсон. Бүр тэр чимээг өөрийн эрхгүй хайдаг болсон байсан. Тэгээд л нэг мэдэхэд учирсан даа. Хэн тийм юм болно гэж санах вэ дээ. (инээв)

Одоо бол тэр шүгэлний чимээнээс хэд дахин их дуу чимээтэй амьдарч байна. Олон хүүхдийн цангинасан инээд, хөөр баяр, бужигнаан дунд өдөр хоногууд өнгөрдөг. Нөхрөө бодохоор, хүүхдүүдээ харахаар амьдрал үнэхээр сайхан юм даа гэж хэлмээр санагддаг.

Харамсалтай нь миний хань одоогоор бие нь жаахан тааруу байгаа. Гэхдээ гэр бүлээрээ хамтдаа байгаагаа хамгийн том аз жаргал гэж бодож явдаг даа.

-Таны хүүхдүүд их ухаалаг яриатай юм. Бас хөгжим, спорт их сонирхдог бололтой

Миний бага хүү, том охин, дунд охин гурав хөгжимд их сонирхолтой. Том хүү маань Хөгжим, бүжгийн коллежид сурдаг. Ер нь энэ гурав маань ирээдүйд хөгжмийн хүн болно доо гэж өөрсдөө ярьдаг юм.

Харин спортын тухайд бол манай хашаанд орж ирсэн хүн спортыг сонирхохоос өөр аргагүй дээ. (инээв) Сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг гээд хүүхдүүд маань өөрсдийн дуртай спортоороо чөлөөтэй хичээллэх боломжтой. Тийм болохоор ойр хавийн хүүхдүүд ч их ирдэг.

Бид орой болохоор хашааныхаа саравчинд сууж, өнөөдөр юу болсон тухайгаа ярилцана. Мөн хүүхдийн мөнгө буухаар хашаандаа нэмж юу хийж болох талаар гэр бүлээрээ зөвлөлддөг юм. Манайх хүүхдийн мөнгөөр их зүйл бүтээсэн шүү.

Тухайлбал, хиймэл нуурандаа байдаг хоёр шувуугаа хүүхдийн мөнгөөрөө авч байсан. Мөн тохижилтын хэрэгсэл, багаж хэрэгсэл зэрэг олон зүйл авахад хүүхдийн мөнгө маань ихээхэн нэмэр болдог доо.

Бидэнд цаг гаргаж хамтдаа ярилцсан танд маш их баярлалаа. Хэдий богинохон хугацаанд ярилцсан ч гэсэн танаар болон таны гэр бүлээр би маш их бахархаж бас урам зориг авлаа. Танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх удаан жаргаарай