Тэртээх зуунуудад хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг морины туурайгаар тамгалж, дэлхийн газрын зургийг зурж явсан монголчууд өнөөдөр дахин нэгэн түүхэн үйлсийг олон улсад тунхаглалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталж, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
Энэхүү түүхэн шийдвэр нь зөвхөн Монголын бус, хүн төрөлхтний хөгжил, ахуй амьдралд адууны гүйцэтгэсэн үүрэг, нүүдэлчдийн хосгүй өв соёлыг дэлхий нийтээрээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл билээ.
Үндэсний баяраар дэлхий нийт хуран чуулна
Энэ жилийн Үндэсний их баяр наадам урьд хожихоос илүү өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай болох гэж байна. Учир нь дэлхийн 55 улс орон “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, соёл уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд 50 гаруй орны зочид, төлөөлөгчид Монгол эх оронд минь хүрэлцэн ирж, баярын арга хэмжээнд оролцох юм.
Хүй долоон худагт болох онцлох арга хэмжээнүүд (07 дугаар сарын 13)
Үндэсний их баяр наадмын хөтөлбөртэй уялдуулан 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт, нүсэр арга хэмжээнүүд ар араасаа хөвөрнө. Үүнд:
-
10,000 морьтны их жагсаал: Тэнгэр, газар доргиосон морьтны жагсаал Хүй долоон худгийн хөндийг чимнэ.
-
"Адуучин" тэмцээн: 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах эртний нүүдэлчдийн авхаалж самбаа, соёлыг харуулна.
-
Хурдан морины уралдаан: Сонгомол болон бага нас, жороо морины уралдаанууд зохион байгуулагдана.
-
Түүхэн үзүүлбэрүүд: Хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн морьт харваачдын үзүүлбэр, сэтгэл хөдөлгөм морин циркийн тоглолтууд наадамчин олныг баясгана.
Тоогоор бус соёлоор тэргүүлэгч Монгол
Дэлхий дээр бүртгэлтэй 60 гаруй сая адуу байдгаас 5 сая гаруй нь буюу бараг аравны нэг нь манай улсад идээшлэн бэлчиж байна. Монгол Улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг ч, нэг хүнд ногдох адууны тоогоор дэлхийд тасархай нэгдүгээрт ордог нь манай улсыг яах аргагүй "Морины орон" гэдгийг баталж буй хэрэг юм.
"Адуу байхад Монгол байна, Монгол байхад адуу байна" хэмээдэгчлэн, энэхүү өдөр нь залуу үедээ өв соёлоо хадгалан үлдээх, дэлхий дахинд Монголын брэнд, аялал жуулчлалын шинэ төрхийг сурталчлах хосгүй боломж юм.
Зэлэнд уясан унага нь янцгааж, зүлгэн дээрх морьд нь үүрсэх монгол наадмын дэлгэр сайхан өдрүүдээр, дэлхийн соёлын төв цэг болох Хүй долоон худагт уулзацгаая!





