Сэлбэ голын даланг хүчитгэх, урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт (Натур орчимд) үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч сүүлийн сар гаруй хугацаанд ажил нь бүрэн гацаад байна. Энэ талаар нийслэлийн иргэдээс гомдол ихээр ирж байгаа тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр тухайн байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Гүйцэтгэгч компани: "Санхүүжилт нэг сар гацсан, хугацаа алдлаа"
Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар ажлын явцын талаар тайлбарлахдаа:
"Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 70 гаруй хувьтай байна. Далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Гэвч сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогслоо. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарын хугацаа алдлаа" хэмээн тодотгов.
Тус ажлыг анх 2025 оны есдүгээр сард эхлүүлсэн боловч тухайн оны санхүүжилтийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгоогүй байна. Иймд 2025 оны гэрээг 2026 онд нэмэлтээр сунгаж ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлуудыг давхар гүйцэтгэж байгааг гүйцэтгэгч компаниас тайлбарлалаа.
Хотын дарга Б.Пүрэвдагва: "Санхүүжилтийг нэн даруй шийднэ, чанаргүй ажлыг хүлээж авахгүй"
Иргэдийн гомдлын дагуу газар дээр нь ажилласан Хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлагатай, чанартай ажиллахыг шаардлаа. Тэрбээр:
"Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна гэх гомдол иргэдээс ирсээр байна. Ажил гүйцэтгэгч 'Силла' группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг өнөө, маргаашгүй шийдэж өгнө. Ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусга. Чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүй" хэмээн үүрэг болгов.
Төслийн хүрээнд хийгдэж буй ажлууд:
Сэлбэ голын хамгаалалтын даланг шинэчлэх урт хугацааны энэхүү төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.
| № | Хийгдэх ажлын чиглэл | Дэлгэрэнгүй үзүүлэлт |
| 1 | Хамгаалалтын хана | Натур орчимд 1.4 км урт, 4.1-6.9 метр өндөр, төмөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана барьж, үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээ хийсэн. |
| 2 | Явган хүний зам | Далан дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй, байгалийн чулуун хавтангаар хийсэн зам. |
| 3 | Дэд бүтэц & Гэрэлтүүлэг | Гэрэлтүүлгийн кабель шугам болон шон суурилуулах ажил. |
| 4 | Хүртээмжтэй байдал | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат. |
| 5 | Тохижилт & Ногоон байгууламж | Хуучин явган хүний гүүрийн засвар, хайс хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, хар шороон дүүргэлт, түшиц хананы өнгөлгөө, ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах ажил. |
Урин дулаан, борооны улирал эхэлж буй энэ үед үерийн хамгаалалтын далангийн ажлыг цаг алдалгүй дуусгах нь хотын аюулгүй байдалд чухал нөлөөтэй тул хотын удирдлагуудын зүгээс санхүүжилтийг шуурхай шийдэж, ажлыг эрчимжүүлэхээр боллоо.





