1. Элчин сайдын яам тантай "зөвхөн цаасаар" харилцдаг гэдгийг санаарай
БНСУ-ын Элчин сайдын яаманд визний шалгалтыг хариуцсан ердөө 4 ажилтан ажилладаг. Хүний нөөцийн энэхүү боломжоос шалтгаалан бусад орны Элчин сайдын яамд шиг иргэдтэй биечлэн уулзаж, ярилцлага хийх боломж байдаггүй. Тэд зөвхөн таны бүрдүүлж өгсөн бичиг баримтад үндэслэн шийдвэр гаргадаг тул таныг илэрхийлэх ганц зүйл бол таны бүрдүүлсэн материал юм.
-
Зөвлөмж: Шалгуур үзүүлэлт урьдынхаас илүү чангарсан зүйл байхгүй, дүрэм журам хэвийн хэмжээндээ байгаа тул материалаа дутуу хагас биш, бүрэн гүйцэд өгөх нь хамгийн чухал.
2. Санхүүгийн баталгаа болон орлогын эх үүсвэрээ маш тодорхой нотлох
Сүүлийн үед виз татгалзаж буй гол шалтгаануудын нэг нь дансны хуулга болон орлогын эх үүсвэрээ бүрэн нотолж чадаагүйгээс болдог.
-
Зөвлөмж: Таны ажил эрхлэлт, санхүүгийн чадамжийг гэрчлэх татвар төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн түүх зэргийг маш тодорхой, ямар нэгэн зөрчилгүйгээр бүрдүүлэх шаардлагатай.
3. Зорчих зорилгоо "логик дараалалтай" тайлбарлах
Та тус улсыг яг ямар зорилгоор (жуулчлал, эмчилгээ, бизнес уулзалт гэх мэт) зорих гэж байгаагаа баримтаар нотлох ёстой.
-
Зөвлөмж: Зорилгоо батлах урилга, зочид буудлын захиалга, аяллын хөтөлбөр зэргийг хоорондоо зөрчилгүй, логик дараалалтай, ойлгомжтой бэлдэж хавсаргаарай.
4. Мэдээллийн үнэн зөв байдлыг 100% хангах
Анкет болон хавсаргаж буй материалд өөрийн ажил эрхлэлт, санхүү, гэрлэлтийн байдлыг огт худал хуурмаггүй, үнэн зөв мэдүүлэх нь хамгийн чухал суурь шаардлага юм.
-
Зөвлөмж: БНСУ-ын тал хуурамч бичиг баримтад маш өндөр шалгуур тавьж, хариуцлага тооцдог болсон. Нэг л удаа хуурамч материал өгөөд баригдвал дараа дараагийн виз авах боломжоо бүрмөсөн хаах эрсдэлтэй. Мөн тодорхойлолтууд ихэвчлэн 1-3 сарын дотор хүчинтэй байдаг тул хугацааг нь сайтар шалгаарай.
5. Заавал албан ёсны эх сурвалж, сувгаар хандах
Визний талаарх мэдээллээ элдэв танил тал, сошиал орчны зуучлагчдын найдваргүй, буруу мэдээллээс бус, заавал албан ёсны эх сурвалжаас авах хэрэгтэй. Найдваргүй зуучлагчдаас болж иргэд санхүүгээр хохирох, виз нь татгалзах, цаашлаад хууль зөрчих ч эрсдэл гардаг.
-
Зөвлөмж: Мэдээллийг зөвхөн KVAC (Солонгосын виз мэдүүлгийн төв) болон бусад албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас авч байхыг уриалж байна.
💡 Санамж: Виз авсан ч хил дээр буцах эрсдэл байдаг уу?
Элчин сайдын яам материалаар тань виз олгосон хэдий ч БНСУ-ын хил дээр очиход хилийн байцаагч нар иргэдээс шууд ярилцлага авч, зорчих зорилго нь тодорхойгүй иргэдийг хилээр нэвтрүүлэлгүй буцаах тохиолдол цөөнгүй гардаг.
Тиймээс та виз мэдүүлэхдээ өгсөн аяллын төлөвлөгөө, зочид буудлын захиалга, буцах тийз, зорилгоо БНСУ-ын хил дээр очоод ч гэсэн байцаагчид англи эсвэл солонгос хэл дээр тууштай, үнэн зөвөөр тайлбарлаж чаддаг байх бэлтгэлтэй байгаарай.
Элчин сайдын яамны зүгээс бүртгэл, визний шат дамжлагыг цахимжуулах замаар чирэгдлийг багасгахад анхаарч байгаа тул иргэд өөрсдөө материалаа маш хариуцлагатай бүрдүүлж хэвшвэл визний татгалзах хувь буурч, аялал тань саадгүй бүтэмжтэй болох болно гэж албаны эх сурвалж мэдээллээ





