“Malchin Engineering R&D Center”-ийн монгол инженерүүдийн судалгаа, тооцоололд үндэслэн зохион бүтээсэн Монгол гэрийн 360° уян, фотоцахилгаан (PV) дээврийн систем БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт албан ёсоор туршилт, угсралтын шатандаа оржээ.
Уг төсөл нь Монгол гэрийн уламжлалт архитектур, бүтэц онцлогт зориулан инженерчлэгдсэн, үйлдвэрлэлийн шатанд хүрсэн сэргээгдэх эрчим хүчний анхны инновацын шийдлүүдийн нэг юм.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад системд ашиглагдах хүрээ болон хялбар суурилуулалтын "Easy Lock" зэрэг дагалдах эд ангиудын хэв, эх загварт хэд хэдэн удаа өөрчлөлт оруулан сайжруулсны эцэст ийнхүү үйлдвэрлэлд шилжүүлсэн байна.
Талуудын мэдээлж байгаагаар уг технологийн патентын эрхийг албан ёсоор баталгаажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд тус систем нь дараах техникийн онцлогтой юм:
-
360° уян хатан байдал: Монгол гэрийн дугуй дээврийн бүтцэд бүрэн нийцэх уян фотоцахилгаан хавтангийн технологи,
-
Уур амьсгалын тэсвэр: Монгол орны цаг уурын эрс тэс нөхцөлд ажиллах инженерийн шийдэл,
-
Хөнгөн бүтэц: Барилга болон гэрийн модон бүтцэд ачаалал бага өгөх хөнгөн жинтэй хийц.
Тус төслийг хэрэгжүүлэгчдийн мэдээлснээр уг системийг ойрын хугацаанд дотоодын зах зээлд нийлүүлж, айл өрхүүдийг бие даасан сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавин ажиллаж байна.





