• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “China Hyway” ХХК Ангол, Серби улсын тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь эх хувиас зөрүүтэй

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “China Hyway” ХХК Ангол, Серби улсын тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь эх хувиас зөрүүтэй

"Туулын хурдны зам" төсөл нэг км нь 70 тэрбумын өртөгтэй хэмээн олны анхаарлыг татсан. Улмаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, ЗГ-аас тус төслийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Төрийн ордонд “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад хийсэн шалгалтын үр дүнг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлэл өглөө. 

Тэрээр “Туулын хурдны зам” төсөлд гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “China Hyway” ХХК нь Ангол, Серби улсын тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь эх хувиудаас зөрүүтэй. Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй талаарх тодорхойлолтыг өөрсдөө албан бичиг гаргаж ирүүлсэн. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн гэх таван ажлаас дөрөв нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн талаарх ноцтой мэдээллүүдийг танилцууллаа. Тэгвэл тухайн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/20250101139/ дугаартай “Туулын хурдны зам”-ын ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "Shangdong Luqiao Group" Co., "Longjian Road Bridge", "Poly Changda Engineering", "China Hyway Group Limited" зэрэг компани оролцжээ. Улмаар захиалагч байгууллага 2025 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 03/2052 дугаар шийдвэрээр “China Hyway Group Limited” болон “Tianjin Oubaiwei” компанийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон байна.

Туулын хурдны замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендер хууль, журмын шаардлагад нийцсэн эсэх талаар мэргэжилтнүүдийн боловсруулсан дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа. Уг дүгнэлтэд тендерийн шалгаруулалттай холбоотой нийт зургаан асуудлыг хөндсөн байна.

Нэгдүгээрт: Тендерт шалгарсан түншлэл шаардлага, шалгуурт нийцсэн эсэх

China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” ХХК-ийн түншлэл тендерийн цахим системээр 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 01:19:33 цагт компанийн худалдааны менежер Д.Золбоогийн цахим тоон гарын үсгээр баталгаажин илгээгдсэн байна.Гэвч Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотлох баримт, мөн компанийн захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй гэж дүгнэлтэд дурджээ. Энэ нь тендерийн зааварчилгааны 13.2.2 дахь гадаадын этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйг нотлох баримт болон тендерийн хуулийн 25.1, 25.2 дахь шаардлагад нийцээгүй гэж үзсэн байна.

Хоёрдугаарт: Түншлэлийг төлөөлөх гишүүн томилоогүй байж болзошгүй

“China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” компаниуд 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн HYWAY-2025-005 дугаартай “Консорциумын гэрээ”-ний үндсэн дээр түншлэл байгуулан тендерт оролцжээ. Гэвч уг гэрээнд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцан хэрэгжүүлэх нэг гишүүнийг томилсон тухай зохицуулалт тусгагдаагүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2.3 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж дүгнэжээ.

Гуравдугаарт: Тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан эсэх

Тендерийн баримт бичгийн 19.3 дахь хэсэгт авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, бүх төрлийн хучилттай авто зам, гүүр, туннель, газар доорх нүхэн гарц барих тусгай зөвшөөрөл шаардсан бөгөөд гадаадын этгээдүүд консулын баталгаа эсвэл апостиль хавсаргах ёстой байсан байна.

“China Hyway Group” компани Бүгд Найрамдах Ангол Улсын иргэний барилга, нийтийн ажлын чиглэлийн тусгай зөвшөөрөл ирүүлжээ. Харин “Tianjin Oubaiwei” компани Серби Улсын 2024 оны аравдугаар сарын 4-ний өдөр олгогдсон “I131A2”, “I132G1” дугаартай тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байна. Гэвч орчуулгад компанийн нэр болон бүртгэлийн мэдээлэл эх хувийн баримтаас зөрүүтэй байгааг дүгнэлтэд онцолжээ. Мөн “Tianjin Oubaiwei” компани өөрийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бус, Серби Улсад байгуулсан “OBW Grandnja Doo Beograd-Novi Beograd” компанийн тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна.

Дөрөвдүгээрт: Татвар, нийгмийн даатгалын өргүйг нотолсон баримт дутуу

Түншлэл нь тендер зарласнаас хойших хугацаанд эрх бүхий байгууллагаас олгосон татварын өргүй тухай албан ёсны тодорхойлолтыг ирүүлээгүй гэж дүгнэлтэд дурдсан байна. “China Hyway Group” компани хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гарган ирүүлсэн бөгөөд эрх бүхий байгууллагын баталгаажуулсан баримт хавсаргаагүй аж. Мөн Citibank N.A Hong Kong салбарын цахим шуудангийн мэдээлэл ирүүлсэн боловч энэ нь зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолттой адилтгах баримт бичигт тооцогдохгүй гэж үзжээ.

Тавдугаарт: Санхүүгийн чадамжийг нотлох баримт хангалтгүй

Тендерт оролцогчид Гуандун мужийн “Deng Yi Da Engineering Guarantee” компаниас олгосон зээлжих чадварын батламж ирүүлсэн байна.

Үүнд “China Hyway Group” 912 сая юань, “Tianjin Oubaiwei” 636 сая юанийн зээлжих чадвартай гэсэн батламж гаргажээ. Гэсэн хэдий ч харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт болон арилжааны банкнаас зээл авах боломжтойг нотолсон баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн байна.

Зургаадугаарт: Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох баримт дутуу

“China Hyway Group” компани Мозамбикийн төмөр замын их засвар, Сербийн E763 хурдны замын төсөл, мөн Луандагийн нисэх буудлын төмөр замын хажуу шугамын төслүүдийг туршлага болгон танилцуулжээ.

Мозамбикийн төслийн хувьд гэрээ болон хүлээлгэн өгсөн гэрчилгээ хавсаргасан бол Сербийн хурдны замын төсөл, Луандагийн төслийн хувьд комиссын акт, дүгнэлт зэрэг ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохыг нотлох зарим баримт дутуу байсан гэж үзсэн байна. Харин түншлэлийн нөгөө гишүүн болох “Tianjin Oubaiwei” компанийн ирүүлсэн материалд Мозамбикийн төмөр замын засвар, Сербийн хурдны замын төслийн гэрээний хуулбар болон холбогдох акт, дүгнэлтүүд хавсаргагдаагүй байсан бөгөөд Луандагийн нисэх буудлын төмөр замын хажуу шугамын төслийн хувьд гэрээний хуулбар ирүүлсэн ч комиссын дүгнэлт, акт ирүүлээгүй гэж дүгнэлтэд дурджээ.

Тус дүгнэлтэд ийнхүү Туулын хурдны замын тендерийн шалгаруулалттай холбоотой баримт бичиг, эрх зүйн шаардлага, санхүүгийн чадамж болон туршлагын нотолгоотой холбоотой нийт зургаан асуудлыг хөндлөө.