Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд Оюутолгойн авлигын хэрэгтэй холбоотой мэдээлэл дахин анхаарлын төвд орлоо. Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, "Петровис"-ийн С.Давааням нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, 2020 онд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт өгснөөс хойш "Зургаан жил өнгөрчээ" хэмээн бичсэн нь иргэдийн дунд тус хэргийг шийдэгдэлгүй хугацаа алдаж, замхарсан уу гэх эргэлзээг төрүүлээд байна.
Тэгвэл энэхүү нийтлэлийн дагуу Нийслэлийн прокурорын газраас албан ёсны тодруулга авахад сэтгүүлчийн мэдээлэл цаг хугацааны болон процессын хувьд зарим зүйл нь бодит байдалтай зөрж байгааг хэллээ.
Прокурорын тайлбар: Хэрэг хэдийнэ шүүхээр орж, шийдвэрлэгдсэн
Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан нарын нэр бүхий 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос хуулийн хугацаанд хянан хэлэлцээд, 2020 оны 3 дугаар сард шүүхэд шилжүүлж байжээ.
Мөн сэтгүүлчийн дурдсан шиг тус хэрэг прокурорын шатанд олон жил "дарагдаж", хугацаа алдсан зүйл байхгүй бөгөөд тухайн хэргийг Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхүүдээр бүрэн хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн болохыг прокурорын байгууллагаас тодотголоо.
Хэргийн явцыг сануулахад:
Уншигчдад сануулахад, С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох тус хэргийг шүүхээс дараах байдлаар шийдвэрлэж байсан түүхтэй:
-
Анхан шатны шүүх (2020 он): Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярт 5 жил, С.Баярцогтод 10 жил (дараа нь ялыг хөнгөлсөн), С.Даваанямд 2 жил хорих ял тус тус оноож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах шийдвэр гаргаж байв.
-
Шүүхийн дараагийн шатууд: Хэргийг Давж заалдах болон Дээд шүүх (Хяналтын шат)-ээр хэлэлцэж, зарим шүүгдэгчдийн ялыг хөнгөрүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох зэргээр эцсийн шийдвэрүүд гарч, тэд ялаа эдэлж дууссан буюу суллагдсан байдаг.
Сэтгүүлч Б.Отгоны дурдсан хэрэг нь 2020 онд прокуророос шүүхэд шилжсэн нь үнэн боловч, өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй "6 жил өнгөрсөн" гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна. Тус хэрэг нь аль хэдийнэ Монгол Улсын шүүхийн бүх шатаар орж, хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн үйл явдал болохыг прокурорын байгууллага баталлаа.





