• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Н.Мөнх-Очир: Ханьтайгаа хамтдаа амьдарч хамтдаа мод тариад хэдийн 16 жил өнгөрсөн байна

Н.Мөнх-Очир: Ханьтайгаа хамтдаа амьдарч хамтдаа мод тариад хэдийн 16 жил өнгөрсөн байна

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт "Оюу толгой" компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе!” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй масс ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа 5 гэрээт компанийн нэг нь Говийн Улиас ХХК юм. Тэд үр бэлтгэхээс эхлээд тарьц бойжуулж, ойжуулалтын талбайд шилжүүлэн суулгах, цаашид арчилж ургуулах зэрэг бүх үе шатыг агротехникийн стандартын дагуу хэрэгжүүлж байна. Говийн Улиас ХХК-ийн мод үржүүлгийн газрын залуу гэр бүлийг бид онцоллоо.

Говийн Улиас ХХК-ийн ажилтан Н.Мөнх-Очир: Энэ ажилд орж, мод тарьж ургуулан эх орныхоо хөрсөнд ногоон төгөл бий болгоход хувь нэмрээ оруулж байгаадаа их баяртай байдаг. Эхнэр бид хоёр хийж буй ажлаа үргэлж буянтай үйлс гэж бодож, сэтгэл гарган ажилладаг. Анх танилцах гэж их л хичээж байлаа. Бүр напелион тортоор хүртэл дугаарыг нь сураглаж байсан үе бий. Харин өнөөдөр эргээд харахад хамтдаа амьдарч, хамтдаа хөдөлмөрлөж, мод тарьсаар 16 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд бид дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон. Намайг үргэлж түшиж, дөрвөн сайхан үр төрүүлж өсгөж яваа ханьдаа би маш их хайртай, бас үргэлж талархаж явдаг.

-Эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байсан бэ?

Эхнэр маань тухайн үед дэлгүүр ажиллуулдаг байлаа. Анх харсан мөчөөсөө л “За, энэ бүсгүйтэй л гэр бүл болно доо” гэж дотроо шийдчихсэн. Оюутан хүүхдүүдэд “Напелион авч өгье, тэр эгчийнхээ дугаарыг олоод өгөөч” гэж хүртэл хэд хэдэн удаа гуйж байсан юм. Дараа нь зориг гаргаж дэлгүүрт нь орж, байхгүй бараа асууж байгаад санаа зовоод гарч явсан юм. Эцэст нь дугаарыг нь олж аваад, дэлгүүрээр нь орж гарсаар байгаад танилцаж билээ.

 -Хамтдаа туулсан он жилүүдээс харахад гэр бүлийн хамгийн эрхэм зүйл юу вэ?

Гэр бүл урт удаан, аз жаргалтай оршин тогтнохын үндэс нь бие биеэ ойлгож, хүндэтгэх явдал гэж бид боддог. Би эхнэрээ үргэлж дэмжиж, хүнд хэцүү үед нь түшиж тулж, хажууд нь байхын төлөө хичээдэг. Ханиа хамгийн их ойлгож, хайрлах ёстой хүн нь би өөрөө шүү дээ.

-Өдөрт хэдэн мод тарьдаг вэ? Зуны халуунд ажиллахад амаргүй байдаг уу?

Өдөрт яг хэдэн мод тарьдгаа тоолж үзээгүй юм байна. Дунджаар хоёр мянга орчим мод тарьдаг байх. Мод тарих бол их буянтай ажил гэж боддог. Гадаа халуун байсан ч хэдийнээ дасчихсан. Цэвэр агаарт ажиллана гэдэг өөрөө сайхан зүйл.

-Говийн Улиас ХХК-ийн ажилтан Х.Бадмаа \эхнэр\

Бид хоёулаа Сэлэнгэ аймгийн уугуул. Коллежид хамт суралцаж төгсөөд, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байна. Ойжуулалтын чиглэлээр ажилладаг бөгөөд нөхрийн хамт Говийн Улиас ХХК-д ажиллан, эх орондоо хэрэгтэй, үр өгөөжтэй ажил хийж байгаадаа их баяртай байдаг. Ер нь бид хоёр өөрсдийгөө буянтай ажил хийдэг хүмүүс гэж боддог. Энэ жил том хүүхэд маань 16 нас хүрч байна.

-Нөхөртэйгөө анх танилцаж байсан үеэ бодоход хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ?

Манай нөхөр намайг харах гэж дэлгүүрээр минь байнга орж ирдэг байсан юм билээ. Нэг өдөр манай нутгийн хоёр хүү орж ирээд утасны дугаарыг минь асуусан. Юунд хэрэгтэйг нь асуухад тодорхой юм хэлээгүй. Одоо бодоход миний хань л тэднийг явуулж, дугаарыг минь аваад өгөөч гэж гуйсан байсан юм байна лээ. \инээв\ Бид хоёр нэлээд удаан хугацаанд мессежээр харилцсан. Би нэгжгүй болчихлоо гэж эрхлээд л нэгжээ авхуулдаг байлаа. Харин нөхөр маань нэг удаа ч надаар нэгж авхуулж үзээгүй. Хайр халамж ихтэй хүн дээ.

-Та хоёрын хамтдаа туулсан он жилүүдээс хамгийн тод үлдсэн дурсамж юу вэ?

Заримдаа бид хоёр арай л олон жил жаргалтай амьдарчихсан юм шиг санагддаг. Эргээд бодоход үнэхээр сайхан байна. Анх түрээсийн жижигхэн байранд ганц хөнжил, нэг гудастай л амьдралаа эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш олон ажил хийж, олон бэрхшээлийг хамтдаа туулсан. Манай ажлын онцлог улирлын чанартай болохоор өвлийн хүйтэнд амьдралаа залгуулахын тулд олон зүйл хийж үзсэн дээ. Хүн хүсэж, хичээж чадвал аливааг бүтээж болдог юм билээ. Унаж шантрах үед минь хамтдаа унаж, босох үед минь хамтдаа босож, энэ олон жилийн хугацааг хамтдаа туулсан ханьдаа би үргэлж талархаж явдаг.