• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Ажлын албаны даргаар Ж.Эрдэнэбаярыг, зөвлөхөөрөө Ү.Амарбатыг томиллоо

Хотын дарга Б.Пүрэвдагва Ажлын албаны даргаар Ж.Эрдэнэбаярыг, зөвлөхөөрөө Ү.Амарбатыг томиллоо

        Нийслэлийн шинээр томилогдсон Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа аваад удаагүй байна. Тэрээр чадварлаг туршлагатай хүмүүсээр багаа шинээр бүрдүүлнэ гэдгээ ажлаа авсан даруйдаа мэдэгдсэн. Тэгвэл тэрээр энэ 7 хоногт ажлын албаны дарга болон хуулийн зөвлөхөө томилсон байна. 
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаярыг томилжээ. Түүнийг "The Apprentice" шоуны шилдэг оролцогч гэдгээр нь олон нийт сайн мэддэг. Өмнө нь тэрээр Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан. "Go Mongolia" брэндингийг бий болгож, Гадаадад Монголыг сурталчлах ажлыг зохион байгуулж байсан. Түүнчлэн Ж.Эрдэнэбаяр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм.  Тэгвэл хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ажлын албаны даргаараа томилжээ. 
Мөн хуулийн зөвлөхөөрөө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатыг томилсон байна. Тэрээр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм. 
Б.Пүрэвдагва Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод хийсэн эхний хоёр томилгоо нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүмүүс байгаа нь анхаарал татна. Нийслэлд өөр шинэ томилгоо хийгдээгүй байна. Удахгүй Нийслэлийн Засаг даргын хувьд хоёр орлогчыг шинээр томилно гэх мэдээлэл байна.