• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Нийслэлийн төсөв 2026 онд 2,4 их наядын алдагдалтай байгаа нь улсын төсвийн алдагдлаас 2 дахин их

Нийслэлийн төсөв 2026 онд 2,4 их наядын алдагдалтай байгаа нь улсын төсвийн алдагдлаас 2 дахин их

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн дуусна. 

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор 1 иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн эхний өдөр оролцлоо. 

Сонсголын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийсэн юм. 

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотой байна. 

2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой гэв.