• Нүүр
  • Social Room
  • Мөрийтэй тоглоомноос болж хамтдаа босгосон 20 жилийн амьдралаа нэгхэн жилийн дотор алдсан гэр бүл

Мөрийтэй тоглоомноос болж хамтдаа босгосон 20 жилийн амьдралаа нэгхэн жилийн дотор алдсан гэр бүл

Тус иргэний нэрийг нууцлах үүднээс иргэн А гэе. Иргэн А-ийн нөхөр покер тоглоом тоглох болоод жил гаруйгийн хугацаа өнгөрчээ. Анх нөхрийгөө покер тоглодог гэдгийг иргэн А мэддэггүй байжээ. Нөхөр нь өөртөө байсан бүх мөнгөөрөө тоглодог байж байгаад сүүл рүүгээ таньдаг, мэддэг гэх бүх хүмүүсээсээ зээл авч тоглодог болсон байна. Үүнээс болж энэ гэр бүл их хэмжээний өрөнд оржээ. Иргэн А нөхрөө покер тоглуулахыг болиулах гэж олон янзаар оролдсон ч чадаагүй байна. Ийнхүү нөхрийнх нь зан ааш хүртэл өөрчлөгдөн, хоорондоо ч ойлголцохоо больжээ. Нөхөр нь байр, машин гэх мэт хамаг л үнэтэй гэсэн бүхнээ зарж, покер тоглоод дууссан. Эцэс сүүлд нь 20 жил цуглуулж, бүтээж, босгосон амьдралынхаа бүх зүйлийг нураасан байна. Одоо иргэн А нөхрөөсөө салж, гурван хүүхдээ дагуулан ээжийндээ амьдарч байна. Товчхондоо иргэн А одоо орон гэр, унах машингүй болж гурван хүүхдээ арайхийн өсгөн, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм.

Энэ бол мөрийтэй тоглоомын улмаас хохирсон зөвхөн нэг гэр бүлийн жишээ. Иргэдийн хувьд нэг удаад мөрийтэй тоглоом тоглохыг эрсдэлгүй гэж боддог. Тэгвэл нэг удаа мөрийтэй тоглосон ч донтох эрсдэлтэй байдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх байцаах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баясгалан “Цахим орчинд мөрийтэй тоглуулж байгаа этгээдүүд иргэдийг хууран мэхлэх замаар мөнгийг нь залилж авдаг. Ингэхдээ эхний цэнэглэлтэн дээр 100 хувийн бонусын олгон, тухайн тоглогчийг их мөнгө хожих боломжтой юм байна гэсэн итгэл төрүүлдэг. Жишээ нь тоглогч иргэнээр 50 мянган төгрөгийн цэнэглэлт хийлгээд мөрийтэй тоглоом тоглох цахим өрөөнд оруулдаг. Цахим тоглоомын өрөөнд 5 хүн тоглож байлаа гэж үзвэл таны эсрэг тоглож байгаа 4 хүн нь нэг хүн байдаг. Тийм учраас тухайн мөрийтэй тоглоомын өрөөнд хожих ямар ч боломж байхгүй. Мөн үүнээс гадна таны гарт байгаа хөзрийг мэдэх боломжтой байдаг нь гэмт хэрэгтнүүдэд давуу тал болдог” гэдгийг хэллээ.

Цагдаагийн байгууллагаас 2025 онд цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгосон байна.