"Их завсарлагааны дараа мантуун бууз идчихээд шүдээ угаах гоё байдаг” гэж ярих энэ сурагч бол 37-р сургуулийн сурагч. Тэрбээр сургууль нь анх шүд угаах өрөөтэй болсон нь таалагддаггүй байсан гэдгийг хэллээ. Гэхдээ одоо сургууль дээрээ тэр дундаа их завсарлагааны үеэр хоол идсэнийхээ дараа шүдээ угааж хэвшсэн байна. Мөн ингэснээр шүд угаах дадал хэвшил бий болж, шүдний өнгөргүй, цоорол ч үүсэхээ больсон гэдгийг хэлж байгаа юм.

НЕБ-ын 37-р сургуулийн сурагчид сургууль дээрээ өдөр бүр шүдээ угааж хэвшжээ. Ингэж хэвшснээр нийт сурагчдын дундах өвчлөл 38 хувь буурсан байна. Шүдний кабинеттэй болохоос өмнө сургуулийн хэмжээнд шүдний өвчлөл 70 хувьтай байсан бол 3 жилийн хугацаанд шүдний кабинетийг ажиллуулан, үр дүнг тооцоход шүдний өвчлөл 25 хувь болж, дагаад хичээл таслалт ч эрс багасчээ.
Тус сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолны дараа шүдний кабинеттаа орж шүдээ угаадаг бол дунд, ахлах ангийн их завсарлагааны үеэр шүдээ угааж хэвшжээ.

Багш нарын хувьд энэ санаачилгыг анх төдийлөн дэмжээгүй. Хүүхдүүдийг хэрхэн цагийг нь хувиарлан зохицуулж, шүдийг нь угаалгах тэр дундаа үдийн цай иддэг бага ангийн сурагчдыг шүдийг нь угаалгах гэх мэт нь хичээлийн цагаас хомслох шийдвэр гэж үзэж байжээ. Харин шүд угаах өрөөтэй болсноор олон эерэг үр дүн гарч, 5-р анги буюу бага ангиа төгсөж байгаа хүүхдүүд шүдээ угаах бүрэн дадал хэвшилтэй болсон гэдгийг бага ангийн багш А.Мөнхзул хэллээ.
Шүд угаах өрөө 12 тосгууртай, эрэгтэй эмэгтэй гэсэн тусдаа хэсэгтэй. Нэг удаад 24 хүүхэд шүдээ угаах боломжтой байдаг тул анги ангиараа ээлжлэн шүдээ угаадаг. Нэг анги шүдээ угааж дууссаны дараа сургуулийн үйлчлэгч тосгуур бүрийг цэвэрлэсний дараа дараагийн анги шүдээ угаах гэх мэтээр үргэлжилдэг байна.
Ийнхүү сурагчид сургууль дээрээ шүдээ угааж хэвшсэнээр шүдний оо, шүдний сойзоо зөв сонгох гэх мэтэд суралцахаас гадна, амьдралын зөв дадал хэвшилтэй болж шүд цоорлоос шалтгаалан үүсэх олон өвчнөөс өөрсдийгөө хамгаалж байгаа юм.





