• Нүүр
  • Social Room
  • Гурван ихэр охин хамгаалах байранд 60 хонож байна

Гурван ихэр охин хамгаалах байранд 60 хонож байна

БГД-ийн Хүүхэд гэр бүлийн Хөгжил хамгааллын хэлтсийн харъяа түр хамгаалах байранд өнөөдрийн байдлаар 0-17 насны 9 хүүхэд үйлчилгээ авч байна. Тэдний дөрөв нь нэг гэр бүлийн хүүхдүүд байгаагаас гурав нь ихэр. Ихэр охид 1 нас 10 сартай. Ихэрүүдийн хоёр нь сонсголын бэрхшээлтэй гэж оношлогджээ. Ээж нь хорих ангид ял эдэлж байгаа бол аав нь охидоо авахаас татгалзжээ. Ихэр охид 3 настай эгчийн хамт дөрвүүлээ ийнхүү хамгаалах байранд амьдраад хоёр сар болж байна.

Хамгаалах байр хүүхдүүдийг 30 хүртэлх хоног байрлуулах ёстой ч тэднийг ар гэрийн зүгээс авах боломжгүй учир ийнхүү хамгаалах байрны ажилчид аавынх нь оронд аав. Ээжийнх нь оронд ээж болж асарч халамжилж байна. Ихрүүд анх ирэхдээ хоол тэжээлийн дутагдалд орсон. Зажилах рефлекс гүйцэд хөгжөөгүй. Харанхуй орчинд байх дуртай, хөгжлийн хоцрогдолтой байжээ. Харин хамгаалах байранд ирснээс хойш хэвийн жинд очиж, бүхэл хоол сайн идэж, хөдөлгөөн нь сайжирсан гэв.

БГД-ийн ХГБХХХ-ийн дарга Б.Даваажаргал:

Хүүхдүүд анх ирэхдээ зажилах рефлекс байхгүй, хариу үйлдэл байхгүй, нэрийг нь дуудахад хариу үйлдэл үзүүлдэггүй байсан. Нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд ямар нэг төрлийн бэрхшээл байгаа гэдгийг анхан шатандаа оношлоод мэргэжлийн эмчид хандсан. Ингэхэд хоёр нь сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдсон. Хүүхдүүд анх ирэхдээ хоол тэжээлийн дутагдалд орсон байсан бол одоо асаргаа сувилгаа, эмнэлгийн үйлчилгээ аваад тэнхрээд сайн байгаа. Хүүхдүүдийг асрамж халамжийн байгууллагад захирамж гаргаж шилжүүлэхээр бид бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Саяхан ээжийнх нь зүгээс өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогдоод “Одоохондоо асрамжинд өгмөөргүй байна. Хамгаалж байх боломжтой юу гэсэн хүсэлт гаргасан учраас хамгаалах байрандаа байрлуулж байна” гэв.

БГД-ийн ХГБХХХ-ийн харъяа түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан Б.Өнөрбаясгалан:

“Анх ирэхдээ хэвийн унтлагын горимгүй байсан. Шөнөжин унтахгүй, өдөр нь унтдаг нойр солигдсон байсан нь одоо хэвийн болсон. Мөн харанхуй орчинд байх дуртай байсан бол одоо орчиндоо дасаад цовоо сэргэлэн болсон. Эгч нь гурван ихэр дүүгээ халамжилж, хамтдаа тоглодог. Бие биетэйгээ харилцаа бага байсан. 

Эцэг эхчүүд хариуцлагагүй байна. Үр хүүхэд төрүүлчихээд энд тэнд мал амьтан хаяж байгаа юм шиг үлдээчихэж байна. Орхиод явчихаж байна. Тухайн хүүхдүүд хамгаалах байранд ирээд хэдий дулаахан, хоол ундтай байгаа ч ээж аавыгаа их санадаг. Ээж аав байхгүй бол гэр ямар байдаг билээ. Нэгэнт үр хүүхэдтэй болсон бол хариуцлагатай байх шаардлагатай байна. Хүүхдүүдээ хөсөр хаяад л. Энэ бяцхан зүрхнүүд юу ч мэдэхгүй шүү дээ” гэв.

БГД-ийн Хүүхэд гэр бүлийн Хөгжил хамгааллын хэлтсийн харъяа түр хамгаалах байр 2021 оны 3-р сард ашиглалтанд орсон. Ашиглалтанд орсноосоо хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 567 хүүхэд үйлчлүүлсэн. Энэ оны эхний 10 сарын хувьд 90 хүүхэд, нэг том хүн тус хамгаалах байраар үйлчлүүлжээ.