18-р сургуулийн 12г ангийн сурагчид 2018 оноос хойш гутлын хайрцгийг чимэглэн, бэлтгэж эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд “Гутлын хайрцагтай шинэ жил” аяныг зохион байгуулж хэвшжээ. Тэд энэ жил ч мөн адил ГССҮТ-ийн хүүхдүүд тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа хүүхдүүдэд өөрсдийн бэлдсэн бэлгийг өгсөн юм. Бид 18-р сургуулийн 12г ангийн сурагчдыг ГССҮТ-ийн хүүхдийн тасагт очин гутлын хайрцагтай бэлгээн өгч байгааг сурвалжилсан юм.

Гутлын хайрцгийг өөрсдөө чимэглэн, төрөл бүрийн бэлгээр дүүргэсний хамгийн хөөрхөн нь СЭТГЭЛИЙН ҮГ-тэй захиа байв. Сурагчид өөрсдийн бичсэн сэтгэлийн үгтэй захиандаа “Энэ жил чи сайн байлаа, эрүүл энх байгаарай” хэмээн сэтгэл шингээсэн үгсийг бичжээ.

18-р сургуулийн 12г ангийн сурагч охин өмнө нь шинэ жилийн баяраа эмнэлэгт угтаж байсан нь хамгийн муухай санагдаж байжээ. Тэгвэл энэ жил өөрсдийн гараар бэлтгэсэн гуталтай хайрцган бэлгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд өгсөн нь өөрийнхөө мэдэрсэн таагүй мэдрэмжийг үлдэн хөөсөн сайхан үйл явдал болсон гэдгийг хэлсэн юм. Сурагчид бэлгээ бэлдэж байхдаа ямар хүүхдэд энэ бэлэг очих бол, хүүхдүүд хэрхэн хүлээн авах бол гэдэг мэдрэмж хамгийн гоё байдаг гэдгийг хэллээ. 18-р сургуулийн 12г ангийн сурагчид хог болон хаягддаг гутлын хайрцгийг чимэглэн дотор нь сэтгэлийн бэлгээ шингээснээр ийнхүү хүүхдүүдэд бэлэглэж байна. Сурагчдын бэлгийг авсан хүүхдүүд маш их баярладаг, зарим нь бүр уйлдаг гэдгийг хэллээ. Тэр агшинг харсан сурагчид өөрсдөөрөө маш их бахархаж, хэдэн өдрийн турш хичээн бэлдсэн бэлэг нь хүүхдүүдэд сэтгэлийн том дэм болж байгаа мөчийг харах хамгийн сайхан байдаг байна. “Өвлийн өвгөнөөс хүүхэд болгон бэлэг авахыг хүсдэг. Тийм ч учраас авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй гэдэг шиг хүүхдүүдийн баярлаж байгаа чин сэтгэлийг харах сайхан байдаг” гэдгийг сурагчдын төлөөлөл хэллээ.
ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд шинэ жилийн баяр хамгийн дуртай баяр нь байдаг байна. Тийм ч учраас энэ баяраар өөрийнх нь хувьд нандин, дурсамжтай бэлэг авах дуртай байдаг учраас 12-р ангийн ах эгч нараасаа авсан бэлэг нь тийм л бэлэг байгаа байх гэсэн хүлээлттэй байсан юм. Ялангуяа бэлгэн дотор нь байсан захиаг уншаад хамгийн их баярлаж байлаа. Учир нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд урьд нь захиа авч байгаагүй учраас гутлын хайрцагтай бэлгэн дэх захиа хамгийн их таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөжээ.

Энэ жилийн гутлын хайрцагтай бэлэгний нэг онцлог нь сурагчид өөрсдөө цасхан гэх нэртэй буддаг номыг хийн, бэлгэндээ багтаажээ.
18-р сургуулийн 12-р ангийн сурагчдын хэрэгжүүлдэг гутлын хайрцагтай бэлэг гэх санаачилгыг сургуулийнхан нь ч дэмжин, бага ангийн сурагчид ангийн багшийнхаа санаачлагаар мөнгө цуглуулан өгдөг байна. Энэ мөнгөөр сурагчид бэлэг тус бүрт хэрэгтэй гэх амин дэм, нойтон салфетка зэргийг худалдан аван, бэлгэндээ нэмж хийдэг.





