Сүүлийн үед хэрхэн бизнесийн амжилтанд хүрэх вэ. Амжилтаа хэрхэн ахиулах вэ зэрэг өглөөний сургалт уулзалт ихээр зохиогдох болсон. Энэ мэтчилэн хувь хүний хөгжил рүү чиглэсэн сургалтаас илүү өнөөдрийн нийгэмд гэр бүлийн хөгжил, төлөвшил рүү чиглэсэн сургалт ихээр үгүйлэгдэх болсон. Тэгвэл “Эрмүүн ирээдүй” боловсролын төв, “Сэтгэлийн толь” сэтгэлзүйн төв хамтран “Good Parents” өглөөний цуврал сургалт уулзалтыг зохион байгуулж эхлээд байна. Тодруулбал, анхны сургалт уулзалтаа “Охинтойгоо хэрхэн найзууд болох вэ” сэдвийн хүрээнд энэ сарын 28-ны өдөр зохион байгуулжээ. Тус уулзалтад ихэвчлэн өсвөр насны охидтой ээжүүд оролцсоноороо онцлог болсон байна. Учир нь өсвөр насны охид сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог. Тиймээс энэ үед охидуудтайгаа хэрхэн харилцах ёстой вэ зэргээр мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч, ээж нар хоорондоо туршлага солилцсон байна. “Good parents”-ийн дараагийн сургалт уулзалт ирэх 5 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд эцэг эхчүүд бүгд хамрагдах боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.