Зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан бүтээл сэтгэхүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” УСК кино театрын дэлгэцнээ нээлтээ хийснээс хойш үзэгчдийн анхаарлыг татаж, багагүй шуугиан тариад байна. Ингээд үзэгч, кино шүүмжлэгч, мэргэжлийнхний хувьд “этгээд” бүтээл хэмээн үнэлэгдээд байгаа тус киног үзэх цөөн боловч, бодитой шалтгаануудыг дурдъя.
Өнөөгийн нийгмийн үнэн төрхийг илчилсэн ЗОХИОЛ
“ЭТГЭЭД” УСК-ны зохиолыг найруулагч Б.Баатар, зохиолч О.Эрдэнэ, Г.Бямбасүрэн нар хамтран бичжээ. Үзэгчид киноны агуулгыг “цочирдом, байж болошгүй” гэж хүлээн авч байгаа ч өнгөрснөө эргэж харах, ирээдүйгээ тунгаан бодох сэдлийг олж авч байгаа нь олзуурхууштай байна хэмээн дүгнэжээ. Киноны зохиолын үндсэн санаа, агуулга, харилцан яриа бүхэн ямар нэг юм болох гэж байна гэсэн бодлыг үзэгчдийн тархинд бага багаар суулгаад байгаа мэт, түгшүүр төрүүлэм, тааварлагдашгүй болж чаджээ.
Монгол киноны хөгжлийг нэжгээд шат ахиулсан ЗУРАГ АВАЛТ
“ЭТГЭЭД” киноны найруулагч Б.Баатар бол мэргэжлийн зураглаач бөгөөд, түүний ажилласан нилээдгүй киног бид эчнээ мэднэ. Мэргэжлийнхний ярилцдагаар сайн зураглаач, сайн найруулагч болж чаддаг гэлцдэг нь оргүй зүйл биш бололтой. “ЭТГЭЭД” УСК зураг авалтын багийнхан олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц, онцгой сондо шийдэлтэйгээр зургийг авч чаддагаа батлан харууллаа. Үзэгчидийн хувьд жүжигчинтэй хамт шатнаас унаж, машинтай мөргөлдөн, газарт өнхрөн ойчихийг өөрийн биеэр мэдрэх мэт зураг авалтууд нь тун сонирхолтой байв.
Сэтгэлд буусан мэдрэмжийг бодит болгох ӨНГӨ ТАВИЛТ
“ЭТГЭЭД” УСК нь гүн утга агуулга бүхий зохиол, шинэлэг шийдэл бүхий зураг авалтаараа үзэгчдийн сэтгэлд өөр өөр мэдрэмжийг буулгаж чаджээ. Тэрхүү мэдрэмжүүдийг хөглөх, биднийг яг л тэр орчинд очсон мэтээр итгүүлж чадахуйц дүрсний өнгө тавилт нь тус киног сонгон үзэх бас нэг том шалтгаан болж байна. Буйдхан газарт, олны хөлөөс зайдуу байх хоёр давхар байшин, байшин дотор өрнөх гэр бүлийн амьдрал, тэдний харилцаа, зочлон ирэх найзууд, зэргэлдээ байх “алтан хөрш”... Яг л гадны кинон үзэж байгаа мэт гэмээр өнгө танд этгээд мэдрэмжийг өгч чадна.
Мэдрэмжийг тултал ажиллуулах ХӨГЖИМ
“ЭТГЭЭД” УСК-ны хөгжмийн зохиол, найруулгын ажлыг “Terminal studio” –н Э.Мөнхбаатар, Д.Очсүрэн болон бусад авъяаслаг залуус хариуцан ажиллажээ. Сэтгэхүйн триллер төрлийн бүтээлийн хувьд гол санаагаа харилцан яриа, текстээр илэрхийлэхээс илүү зураг авалт, өнгө тавилт, дуу хөгжмөөр түлхүү хүргэдэг оцнлогтой. Тэр ч утгаараа “ЭТГЭЭД” УСК-ны дуу, хөгжим үнэхээр сонирхолтой, гадны бүтээл үзэж, сонсч байгаа мэт онцгой мэдрэмжийг өгч чадаж байна хэмээн мэргэжлийнхэн дүгнэж байна. Монголын кино урлагт залуу, шинэ уран бүтээлчдийн өвөрмөц бөгөөд шинэ аялгуу хөгжим хэрхэн амилсныг та бикэр мэдрэх боломжтой.
“ЭТГЭЭД” -ийг амилуулсан ЖҮЖИГЧИД
“ЭТГЭЭД” УСК-ны жүжигчдийн сонголт тун сонирхолтой. Урьд өмнө бусад уран бүтээлүүд дээр төдийлөн хамтарч ажиллаж байгаагүй ансамбль -г найруулагчийн багийнхан бүрдүүлж чаджээ. МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Н.Ялалт, МУСТА Г.Эрхэмбаяр, МУСТА С.Ариунбямба, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг нар “ЭТГЭЭД” уран бүтээлийг хамтдаа амилуулсан гайхалтай баг байлаа. Киноны дүрүүд бүгд өөрийн нэрээр тоглосон нь сонирхол татав. Киноны жүжигчид бүгд л урьд нь ийм зохиол, дүр дээр ажиллаж байгаагүй хэмээн ярьцгаажээ. Тэр ч утгаараа өөрсдийгөө эвдсэн, өөр нэг өнцгөөс харуулж чадсан нь илэрхий байв. Сэтгэхүйн триллер төрлийн бүтээл учраас дүрийн шугамаас гажихгүй байх, өөртэйгээ тэмцэлдэн, зураг авалтын хүнд сценүүдийг даван туулах гэх мэтчилэнгээр тус бүртээ их багагүй эрсдэлийг үүрсэн нь киноноос харагдана