• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хурц үзүүртэй хашаа барьсан компанийг 30 саяар торгож, газрын зөвшөөрлийг хэсэгчилж цуцаллаа

Хурц үзүүртэй хашаа барьсан компанийг 30 саяар торгож, газрын зөвшөөрлийг хэсэгчилж цуцаллаа

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2026 оны 1-р сарын 31-ний өдөр Богдхан Уулын дархан цаазат газар хурц үзүүртэй хашаанд буга сүвлэгдэн нас барсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл энэ асуудлаар Байгаль Орчин, Уур амьсгалын Өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Хурц үзүүртэй хашаа барьж, буга эндсэн асуудалд “ЭС ЖИ ЖИ ЭС” ХХК-нд ₮30 саяын торгууль ноогдууллаа. Мөн тус компаний газар ашиглалтын талбайн хэмжээг хэсэгчлэн өнөөдөр цуцалж байна. Нэг бугын амь ₮12,5 саяын үнэлгээтэй. Хуулийн дагуу ховор, зэрлэг ан амьтны аминд хүрсэн бол хоёр дахин нэмэгдэж ₮24.5 сая болдог. Энэ нөхөн төлбөрийг мөн тус компаниар нөхөн төлүүлнэ. 

Нийслэлийн бүс нутаг БогдХан уулын Дархан цаазат газар 2018 оноос хойш нийт 17 буга үрэгджээ. Зэрлэг ан амьтад хоол тэжээл, хөрсний доройтол, ус хангамж муудсанаас суурьшлын бүс рүү орж ирж байна. Нийслэлд Богдхан уулын дархан цаазат газарт газар олгох эрхийг өгөх боломжгүйг мэдэгдье. Учир нь “Отоглох” зориулалтаар бид газар олгосон ч нийслэл орон сууцжуулсан. Түүнчлэн стандартад нийцээгүй хашаа хайс барьсан бол 30 хоногийн дотор буулгаж, солих даалгаврыг өгч байна. Үгүй бол газар ашиглах эрхийг цуцлах арга хэмжээ авна. 1700 ААН 1400 отоглох цэг Богдхан уулын дархан цаазат газрын төлбөрт жилд ₮25 тэрбум төгрөг төвлөрдөг ч эргээд байгаль орчин, ан амьтдад зориулагдахгүй байна" гэв.