Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг 11-р сарын 7-ны бямба гарагт товлосон. Тус Бага хурлаар одоогийн дарга Х.Нямбаатарын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг сонсох ба дараагийн даргыг сонгох юм.
Одоогоор Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Тэрээр манай редакцид өгсөн ярилцлагадаа "Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхөө тодорхой илэрхийлсэн. МАН-ын дарга Ерөнхий сайд болно гэдэг дүрэмтэй нэгэн адил Нийслэлийн МАН-ын дарга Хотын дарга байх нь зүйн хэрэг" хэмээсэн юм. Түүнээс өөр нэр дэвшигч одоогоор тодроогүй байна. Түүнчлэн Хотын дарга асан Х.Нямбаатар авлига, албан тушаалын хэрэгт холбогдон Канад руу "зугтсан". Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцрохоос нааш Монголд ирэхгүйгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа цахимаар танилцуулна гэсэн мэдээлэл байгаа юм.


