Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан ой, хээрийн түймрийн экологийн болон эдийн засгийн хохирлын эцсийн дүн гарлаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар, тус түймрийн улмаас байгаль орчинд нийт 3.35 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.
Газар нутгийн 73.4 хувь нь галд автжээ
Түймэр нийт 484,383.7 га талбайг хамарсан нь онцгой хамгаалалттай бүс нутгийн хувьд асар өндөр үзүүлэлт юм. Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 431,592.8 га буюу тусгай хамгаалалттай нийт нутаг дэвсгэрийн 73.4 хувь, орчны бүсийн 52,790.9 га талбай өртжээ.
Аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд 50 орчим шинжээч, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж, Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг болон Дэгээ голын сав газрын ой, ойт хээр, нуга, голын татмын экосистемд үнэлгээ хийсэн байна.
Түймэрт нийт 14,690 га ойн сан бүхий талбай өртсөн бөгөөд нийт шатсан талбайг ангилбал:
Бага шаталттай: 140,862.7 га (29.1%)
Дунд шаталттай: 261,991.8 га (54.1%)
Их шаталттай: 81,113.4 га (16.7%)
Маш их шаталттай: 415.8 га (0.1%) тус тус эзэлж байна.
Экосистемд учирсан сөрөг үр дагавар
Шинжээчдийн дүгнэлтээр бага болон дунд зэрэглэлээр шатсан талбайд байгалийн аясаар нөхөн сэргэх боломж харьцангуй өндөр байгаа бол их болон маш их зэрэглэлээр шатсан 81.5 мянга гаруй га талбайд ургамлан бүрхэвч бүрэн устаж, хөрсний органик давхарга шатжээ. Үүний улмаас хөрсний чийгийн горим алдагдаж, нүүрстөрөгчийн агууламж бууран, салхи болон усны элэгдэл эрчимжих өндөр эрсдэл үүсээд байна. Түүнчлэн гол, нуурын усны чанар ерөнхийдөө хэвийн түвшинд хадгалагдсан ч зарим цэгт жинлэгдэгч бодисын хэмжээ өмнөх хэмжилтээс 4-7.8 дахин нэмэгджээ.
Амьтны аймгийн тухайд том хөхтөн амьтад галд өртөж хорогдсон баталгаатай тохиолдол бүртгэгдээгүй ч тэдгээрийн амьдрах орчин, өвөлжих бэлчээр, идэш тэжээлийн нөөц ноцтой хомсдсон байна.
Хохирлын тооцоо ба хууль хяналтын ажиллагаа
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу суурь хохирол 1.2 их наяд төгрөг болсон ч Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж тооцдог хуулийн заалтын дагуу нийт хохирол 3,354,723,433,200 төгрөгт хүрчээ.
Түймрийг унтраах, хээрийн судалгаа явуулахад орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0198 дугаар анги болон хамгаалалтын захиргаанаас нийт 367.6 сая төгрөгийн шууд зардал гаргасан байна. Халхгол сумын Засаг даргын баталсан актаар дээрх 367.6 сая төгрөгийн шууд зардлыг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэж, холбогдох баримт материалыг арваннэгдүгээр сарын 14-нд хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.
Нөхөн сэргээлтэд 83.97 тэрбум төгрөг шаардлагатай
Биологийн олон янз байдал, ой, хээрийн онцгой тогтоцтой энэхүү бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг хангах, хөрс усны доройтлоос сэргийлэх, зэрлэг амьтдын амьдрах орчныг сэргээх урт хугацааны хяналт-шинжилгээ, хамгааллын арга хэмжээнд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж шинжээчдийн баг тооцоолсон байна. Цаашид нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай зохион байгуулах нь тус бүс нутгийн байгалийн унаган төрхийг авч үлдэх гол нөхцөл болоод байна.


