Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэрээ танилцуулж, УИХ-ын 2026 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрээр энэхүү эрс шийдвэрийг гаргах болсон шалтгаан болон Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн томоохон бодлого, бүтээн байгуулалтуудаа тайлагнан, ард түмэн, төрийн түшээдэд хандан уриалга дэвшүүлсэн юм.
Төрийн дархлааг хамгаалах шийдвэр ба улс төрийн ёс зүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгийнхээ эхэнд Төрийн тэргүүний нэр төр нь тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой болохыг онцлов. Тэрээр төр, ард түмнийг хагалган бутаргах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, хуулийн хариуцлагаас зугтах гэсэн санаархалд цэг тавихын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
“Улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна. Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй. Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй. Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт итгэж байна” хэмээн тэрээр онцолсон юм.
“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулсан гадаад бодлого
Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улс бие даасан, тэнцвэртэй гадаад бодлогыг баримталж, мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөршүүдтэй харилцаагаа шинэ шатанд гаргасныг тэмдэглэв.
-
Япон Улстай “Тусгай стратегийн түншлэл”, Франц, БНСУ, Герман, Казахстан, Турк, Итали улстай “Стратегийн түншлэл”, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоожээ.
-
Дэлхийн 23 улсын Төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ромын пап зэрэг эрхэм дээд зочид Монгол Улсад айлчилсан байна.
-
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоож дууссан түүхэн амжилтыг бүтээв.
Баялагтаа эзэн Монгол ба стратегийн бүтээн байгуулалтууд
Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа таван чиглэлийн 1000 гаруй км төмөр зам, Чингис хаан олон улсын нисэх буудал, Шинэ төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төслүүдийг эхлүүлснийг дурдлаа.
Түүнчлэн “Баялагтаа эзэн Монгол” зорилтын хүрээнд хууль бусаар алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Асгат”, “Салхит”, “Ноён Уул” зэрэг стратегийн ордуудыг төрийн мэдэлд эргүүлэн авч, 938 тусгай зөвшөөрлийг цуцалснаар “Үндэсний баялгийн сан” байгуулах үндэс тавигдсаныг онцлов. Тэрээр УИХ-ын гишүүдэд хандан Оюу толгойн анхны ноогдол ашгийг иргэн бүрийн дансанд ижил тэгш хүртээх байр сууриа дахин санууллаа.


