• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аян эхэллээ

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аян эхэллээ

2025–2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг агуулжээ.

Монгол улсад 2022 онд 68,009, 2023 онд 60,623,  2024 онд 57,050 эмэгтэй жирэмсний хяналтад хамрагдсан. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарчээ. Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл манай жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Жирэмсний эхний 3 сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Ээжийн иодын дутал нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг сулруулж байдаг. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ 6 сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй байна.

Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12%, дутуу төрөх эрсдэлийг 8%, амьгүй төрөлтийг 8%,  цус багадалт, нярайн эндэгдлийг 29% хүртэл бууруулдаг байна.